ГХЯ: Казахстаны консулын газар байгуулах нь иргэний харьяалал, нутаг дэвсгэрийн асуудалтай холбоогүй

ГХЯ: Казахстаны консулын газар байгуулах нь иргэний харьяалал, нутаг дэвсгэрийн асуудалтай холбоогүй

Гадаад харилцааны яамнаас сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд өрнөөд буй Бүгд Найрамдах Казахстан Улсын консулын газар Монгол Улсад байгуулах асуудалтай холбоотойгоор албан ёсны тайлбар мэдээлэл хийлээ.

Тус яамнаас мэдээлснээр Монгол Улс, Казахстан улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг харилцаа, харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурласан хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн бөгөөд энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн хариу төрийн айлчлалаар хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, тээвэр, логистик, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцжээ. ГХЯ-наас онцлон тэмдэглэхдээ консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, иргэдийн иргэний харьяаллыг өөрчлөхтэй ямар ч холбоогүй бөгөөд олон улсын эрх зүйн хүрээнд хэрэгждэг дипломат харилцааны нийтлэг жишиг болохыг тайлбарлав.

Консулын харилцааны тухай Венийн конвенцын дагуу консулын байгууллагыг хүлээн авагч улсын зөвшөөрлөөр байгуулдаг бөгөөд байрлах газар, консулын тойрог зэрэг асуудлыг мөн зөвхөн тухайн улсын зөвшөөрлөөр өөрчилдөг байна. Иймд консулын газар байгуулах нь улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг биш бөгөөд дэлхийн олон оронд нийслэлээс гадна томоохон хот, бүс нутгуудад консулын газрууд ажилладаг жишигтэй гэдгийг ГХЯ онцоллоо.

Одоогоор Монгол Улс гадаад орнуудад 34 Элчин сайдын яам, хоёр Байнгын төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын болон консулын газартай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Алматы хотод Консулын төлөөлөгчийн газартай. Харин Монгол Улсад гадаадын 27 Элчин сайдын яам ажиллаж байгаагаас гадна Замын-Үүдэд БНХАУ-ын, Дархан хотод ОХУ-ын Ерөнхий консулын газар үйл ажиллагаа явуулж байна.

Мөн хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхтэй байгааг дурдсан бөгөөд ХХЕГ-ын мэдээллээр 2025 онд Монгол Улсад Казахстаны 24,395 иргэн зорчсон бол Казахстан улсад Монголын 23,849 иргэн зорчжээ. Одоогоор “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлд долоо хоногт дөрвөн удаа, Казахстаны SCAT компани Астана-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэж байгаа бөгөөд Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэг нээх боломжийг судалж байгаа аж. Гадаад харилцааны яамнаас Монгол, Казахстаны найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлж, хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар, харилцан ойлголцлын үндсэн дээр шийдвэрлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ.