Мбаппе хөлбөмбөгийн ДАШТ-ний бүх цаг үеийн мэргэн буучийн хоёрдугаарт бичигдэж эхэллээ

Мбаппе хөлбөмбөгийн ДАШТ-ний бүх цаг үеийн мэргэн буучийн хоёрдугаарт бичигдэж эхэллээ

Францын шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтод Иракийг 3:0-ээр буулган авч, хэсгээ зургаан оноотой тэргүүлж эхэллээ. Тоглолтын гол баатар нь Килиан Мбаппе байсан бөгөөд тэрбээр хоёр гоол оруулснаар Дэлхийн аваргын тэмцээний түүхэн дэх шилдэг мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж эхлээд байна.

Филадельфид болсон тоглолт цаг агаарын хүндрэлээс шалтгаалан түр хугацаанд саатсан бөгөөд энэ нь хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр аянгын улмаас тасалдсан анхны тоглолт болсон байна. Эхний үе дууссанаас хойш хоёр цаг гаруйн дараа тоглолт үргэлжилсэн юм.

Франц тоглолтыг идэвхтэй эхлүүлж, 14 дэх минутад Мбаппе торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор тооны харьцааг нээсэн юм.

Цаг агаарын саатлын дараа Францын шигшээ довтолгоогоо улам эрчимжүүлж, хоёрдугаар үед Усман Дембеле Мбаппегийн цохилтоос ойсон бөмбөгийг хаалганд оруулснаар тэргүүллээ баталгаажуулсан. 

Тоглолтын төгсгөлд Мбаппе дахин гоолдож, ДАШТ-д оруулсан нийт гоолынхоо тоог 16-д хүргэжээ. Ингэснээр тэрбээр тэмцээний бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, рекорд эзэмшигч Лионель Мессигээс ердөө хоёр гоолоор хоцорч байна. Францын шигшээ ийнхүү хэсгийн хоёр дахь ялалтаа байгуулж, хасагдах шатанд шалгарах боломжоо улам ойртуулжээ. Харин Ирак хоёр дараалсан хожигдол хүлээснээр хэсгийн сүүл мушгиж байна. Франц хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Норвегийн эсрэг хийх бол Ирак Сенегалтай хүч үзэхээр болжээ.