Ираны дайн дэлхийн цахилгаан автомашины зах зээл өөрчлөгдөхөд ихээхэн нөлөөлж байна. Шатахууны үнэ огцом өссөн нь жолооч нарыг цахилгаан автомашин руу шилжихэд хүргэснээр Хятадын автомашин үйлдвэрлэгчдэд хөгжиж буй орнуудын зах зээлд нэвтрэх боломжийг нээж эхэллээ.
Ормузын хоолойг хаасан нь дэлхийн түүхий газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувийг тасалдуулж, хамгийн түрүүнд уг түлшний гол экспортлогч болох Ази тивийг, дараа нь Африкийг хямралд өртүүлээд байгаа юм. Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, тус улс өнгөрсөн тавдугаар сард 435 мянга орчим цахилгаан болон хос хөдөлгүүртэй суудлын автомашин экспортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өсжээ.
Шатахууны үнэ өсөхийн хэрээр мөнгөө хэмнэх үүднээс жолооч нар цахилгаан автомашиныг сонгох болсон бол Лаосоос эхлээд Этиоп хүртэлх улс орнуудын засгийн газрууд газрын тосны импортыг хязгаарлах, шатахууны татаасын зардлыг бууруулах зорилгоор цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг идэвхтэй дэмжиж байна. Гэвч цахилгаан автомашины хэрэглээний хурдацтай өсөлтийг цэнэглэх станцын сүлжээний өргөжилт гүйцэхгүй байна.
Африкийн орнуудын засгийн газар болон төрийн өмчит эрчим хүчний компаниуд цэнэглэх станц барьж байгуулах ажилд гол үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь Ази зэрэг хөгжиж буй бусад зах зээлд чулуужсан түлшнээс татгалзах үйл явцыг хурдасгахад чухал түлхэц болно гэж шинжээчид үзэж байна.