Төрийн далбааны өдрөөр 8500 гаруй алба хаагч, 90 гаруй зэвсэг техник оролцсон парад болно

Төрийн далбааны өдрөөр 8500 гаруй алба хаагч, 90 гаруй зэвсэг техник оролцсон парад болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах цэргийн ёслолын жагсаалтай холбоотой асуудлыг хэлэлцэн, шаардлагатай бэлтгэл ажлын зардал болон зохион байгуулалтын шийдвэрийг баталлаа.

Энэ талаар Батлан хамгаалах яамны дэд сайд Д.Баасандамба мэдээлэхдээ, жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулдаг цэргийн ёслолын жагсаал нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөөх тэмцлийн түүхийг хүүхэд залуус, иргэдэд таниулахын зэрэгцээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрийн ёс уламжлал, үнэт зүйлсийг сурталчлах чухал ач холбогдолтойг онцоллоо.

Тэрбээр, энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 825 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг зэвсэгт техниктэй, бүрэн дэлгэмэл хэлбэрээр зохион байгуулахаар болсон гэв.

Төрийн далбааны өдөр буюу долоодугаар сарын 10-нд болох ёслолын ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч оролцох бөгөөд цэргийн 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн энэ удаагийн парадаар батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн техник, тоног төхөөрөмжөөс гадна Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэж буй хуягт болон хөнгөн байлдааны машин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг иргэд, жуулчид, дипломат төлөөлөгчдийн байгууллагын төлөөлөлд танилцуулах юм байна.