Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг ТББХ дэмжлээ

Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг ТББХ дэмжлээ

УИХ-ын дарга С.Бямбацогтоос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.24/ хуралдаанаар хэлэлцэж, 85.7 хувийн саналаар дэмжлээ.

Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч, нэг гишүүн чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Цэцийн хоёр орон тоо сул байгаа юм. Энэ асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн тавдугаар сард хөндөж, томилгооны асуудлыг яаралтай УИХ-д оруулж ирэх шаардлагыг тавьж байсан билээ. Тухайн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч хэрэг, маргааныг гишүүдэд хуваарилж байгаа нь хууль зүйн маргаан дагуулж болзошгүйг онцолж, томилгоог яаравчлуулах шаардлагатай гэж мэдэгдэж байв.

Ингээд УИХ-ын даргаас нэр дэвшүүлсэн Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн бөгөөд уг асуудлыг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм.