Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектеновтой уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Казахстаны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тээвэр, логистикийн саадыг арилгах нь чухал болохыг онцолж, хоёр улсыг холбосон хамгийн дөт шинэ тээврийн коридор байгуулах асуудалд онцгой анхаарал хандуулсан байна. Энэ хүрээнд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажлыг шуурхай эхлүүлэхээр тохиролцжээ.
Мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс ширний экспортыг нэмэгдүүлэх, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг өсгөх боломжийн талаар ярилцсан байна.

Түүнчлэн уул уурхай, газрын тос, цөмийн эрчим хүч, цахим шилжилт, хиймэл оюун ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар санал нэгдсэн талаар Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудсаар мэдээллээ.