Улсын наадмын допингийн шинжилгээний сорьцыг АТГ, ТЕГ-аас хянаж, Герман улсад шинжлүүлнэ

Улсын наадмын допингийн шинжилгээний сорьцыг АТГ, ТЕГ-аас хянаж, Герман улсад шинжлүүлнэ

Үндэсний Их баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Наадмаар монголчууд бид сур, морь, бөхөө үзэж, өв уламжлалаа дээдлэн наадаж өнгөрөөдөг бол наадмын дараагаас допингийн хэрүүл эхэлдэг нь бараг л уламжлал болсон. Өмнөх наадмын допингийн хэрүүл дуусаж амжаагүй байтал энэ жилийн наадам альхэдийнээ хаяанд иржээ. Жил бүр л допигтой бөхчүүд илэрдэг. Илэрсэн бөхчүүд хамгийн түрүүнд “Миний шээсний дээжийг сольсон” гэж мэдэгддэг нь бараг л “амны уншлага” болж.

Тэгвэл үнэхээр Улсын наадмаар допингийн шинжилгээнд өгсөн дээжийг хэн нэгэн солих боломжтой юу, эсвэл өөр хүний шээсний дээжийг өөрийн оронд өгөх боломжтой байдаг эсэх нь бөх сонирхогчдын анхаарлыг татдаг билээ.  

-ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ СОЛИХ БОЛОМЖГҮЙ- 

Допингийн шинжилгээг дан ганц Улсын наадмын шөвгөрсөн бөхчүүдээс авдаггүй. Улсын наадмын эхний байр эзэлсэн 16 харваач болон аймаг, дүүргийн наадамд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс мөн шинжилгээ авдаг. Гэхдээ бидний хамгийн их талцаж хэрэлддэг нь Улсын наадмын бөхийн барилдаан байдаг. Тэгвэл “Үндэсний Их баяр наадмын тухай хууль”-ийн 14.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-д заасан бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, энэ хуулийн 9.5, 9.9-д заасан аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөх, 11.2-т заасан үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авна” хэмээн заасан байдаг.

Бөхчүүд дөрөв давсан л бол заавал шинжилгээ өгөх ёстой. Хэрэв шинжилгээ өгөхөөс татгалзвал допинг хэрэглэсэнд тооцдог.

Допингийн шинжилгээ өгөх үед шээсний дээж урьдаас бэлдэж өөрийн дээжний оронд өгдөг байх гэж олон нийт хамгийн их харддаг. Гэвч энэ нь ямар ч боломжгүй зүйл. Нэгдүгээрт, дөрвөөс дээш давсан бөхчүүд сорьцын өрөөнд орох үед биедээ юу авч явааг шалгадаг. Хоёрдугаарт, тухайн сорьцын өрөөнд АТГ, тагнуул, цагдаа гэсэн гурван хүчний байгууллагын хянагч нар ажиглалт хийдэг. Яагаад гурван өөр байгууллагын төлөөлөл байгаа вэ гэвэл бие биедээ хяналт тавих үүрэгтэй. Жишээлбэл, нэг байгууллагын төлөөлөл хяналт хийж байх үед таньдаг бөх нь байвал будилаан үүсэх боломжтой гэж үзэж гурван хуулийн байгууллагын төлөөлөл байлцдаг байна.

Гуравдугаарт, сорьцын сав эмийн санд байдаг савнаас өөр. Тодруулбал, наадмын өмнө сорьцыг шинжлүүлэх лабораториос шинжилгээ авах хүний тоогоор сорьцын савыг захиалж авчирдаг байна. Ийм учраас хэн нэгэн урьдаас саванд шээсний дээж хийж, солих ямар ч боломжгүй гэсэн үг.

-СОРЬЦ СОЛИГДСОН ХЭМЭЭН ГОМДОЛ ГАРГАВАЛ ДНК ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ШЭЭС СОЛИГДСОН ЭСЭХИЙГ НЯГТАЛДАГ-

Бөхчүүд дээжээ сорьцын саванд хийж, өөрөө таглаж шинжилгээний эмчид өгдөг. Эмч сорьцыг тусгай ямар нэгэн нэр хаяггүй зөвхөн тоон дугаарыг сорьцын саванд нааж, нөгөө хувийг нь сорьцын эзэнд өгдөг. Ийм учраас аль сорьц хэнийх гэдгийг мэдэх боломжгүй байдаг. Мөн сорьцыг савыг тагласан бол буцаад тагийг эвдэж л онгойлгох боломжтой. Хэрэв таг болон саванд ямар нэгэн гэмтэл гарсан бол шинжилгээ хийж байгаа лаборатори шинжилгээ хийхээс татгалздаг байна. Гэхдээ бөхчүүд үнэхээр сорьц солигдсон хэмээн гомдол гаргах юм бол ДНК шинжилгээ хийгээд үнэхээр шээс солигдсон эсэхийг бататгаж өгдөг.

2024 оны наадмын допингийн шинжилгээнд бүдэрсэн нэгэн бөх “Миний шээс солигдсон байна” хэмээн удаа дараа гомдол гаргасан учир ДНК шинжилгээ хийхэд допинг илэрсэн шээсний дээж өөрийнх нь болох нь тогтоогдсон.

-ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЗАРЛАГДАХГҮЙ 48 ЦАГААС УДВАЛ ХЭН НЭГЭН БӨХӨӨС ДОПИНГИЙН БОДИС ИЛЭРСЭН БАЙДАГ-

Улсын наадмын шинжилгээ авах үйл явц долдугаар сарын 12-ны орой дуусдаг. Тэгвэл маргааш нь буюу 13-ны өглөө Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд онгоцоор тээвэрлэн хүргэдэг. Тус лаборатори сорьц хүлээн авснаас 48 цагийн дараа сорьцуудаас ямар нэгэн бодис илрээгүй бол хариуг гаргаж дуусдаг байна.

Харин сэжигтэй бодис илэрвэл дахин 7-14 хоногийн хугацаанд нягталдаг аж.

Олон улсын дүрэмдээ допингийн шинжилгээний хариу батлагдаагүй тохиолдолд олон нийтэд зарлахыг хориглосон байдаг. Ийм учраас сэжигтэй бодис илэрсэн бөхийн шинжилгээг дахин нягтлах хугацаанд бусад хариунуудыг зарлах боломжгүй. Иймд хугацаа их ордог байна. Үүний дараа шинжилгээний бүх хариуг нягталж дууссаны дараа тухайн лабораториос Үндэсний бөхийн салбар хороо, Үндэсний бөхийн холбоо, Үндэсний допингийн эсрэг байгууллага гэсэн гурван газар руу мэйлээр бүх хариуг зэрэг явуулдаг байна. Үүний дараа эхлээд илэрсэн бөхчүүдэд мэдээлж, дараа нь олон нийтэд мэдээлдэг байна.  

Хуулийн байгууллагын хяналт дор, стандартын дагуу үе шаттайгаар хуулийн байгууллагын хяналт дор нууцлалтайгаар сорьцоо өгч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний байгууллагад сорьцоо шинжлүүлж байж допинг илэрсэн бөхчүүд ямар нэгэн хэрүүл маргаан хийх нь өөрсдийгөө өмөөрөх хоцрогдсон арга болжээ.

 

 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө