Н.Алтанхуяг: Цөөнхийн гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй дараад, Засгийн газрын хуульд шургуулан яаралтай горимоор хэлэлцэж байна

Н.Алтанхуяг: Цөөнхийн гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй дараад, Засгийн газрын хуульд шургуулан яаралтай горимоор хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ардчилсан намын 4:11 мэдээллийн хөтөлбөрөөр мэдээлэл хийж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Улсын их баяр наадам болох гэж буй энэ үед УИХ-аар олон хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөж байгааг дурдаад, яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төслийн тоо хэт олширсон гэж үзэж байгаагаа хэлэв.

Н.Алтанхуяг "Улс орны эдийн засагт хүндрэл үүссэн үед тухайн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх зохицуулалт бий. Гэтэл өнөөдөр яаралтай хэлэлцэх хуулийн төслүүдийн тоо хэтэрхий олон болсон. Яаралтай горимоор хэлэлцэхээр хэлэлцүүлэг хөнгөн болж байна. Тухайлбал, Тэтгэврийн тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэх шаардлагагүй" гэв.

Мөн цөөнхийн бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй удаашруулж байгаад, Засгийн газрын хуульд шургуулж байна хэмээв. Тэрээр УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн өргөн мэдүүлсэн хөрөнгө хураах тухай хууль жил гаруйн хугацаанд хэлэлцэгдээгүй, мөн УИХ-ын гишүүн Б.Түвшингийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл ч нэг жилийн хугацаанд хэлэлцэгдээгүй байгааг онцоллоо.

Түүнчлэн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар байр сууриа илэрхийлж, "Анх гэрээг батлах үед Монгол Улс 2019-2020 оноос ногдол ашиг хүртэж эхэлнэ гэж танилцуулж байсан. Гэтэл 2026 он болсон ч энэ асуудал маргаантай хэвээр байна. Хувь нийлүүлэгчдийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд зээл, зээлийн хүү, хуримтлагдсан хүүгийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадвал Монгол Улс ногдол ашиг авах боломжтой болно" гэв.