УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай холбоотой асуудал үе үе олны анхаарлыг татдаг. Тэрбээр Оюу толгойн асуудлаарх хянан шалгах түр хороог ахалж байх үеэрээ "Өөрийг нь хуурамч улсын дугаартай автомашинууд хоёр долоо хоногийн турш дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа талаар мэдээлэл хийж, уг асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан байдаг.
ВИДЕО:
Энэ талаар тухайн үед /2025.12/ УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Сүүлийн хоёр долоо хоногт үл таних хүмүүс, миний баримтжуулж чадсанаар есөн автомашин өдөр шөнөгүй даган мөрдөж байна. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд дугааруудыг нь шалгуулсан. Эдгээр дугаар дээр ямар ч машин бүртгэлгүй байна гэдгийг албан бичгээр надад мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл хуурамч дугаартай машинууд дагаж байгааг ойлгож авлаа. Үүнийг би Оюу толгойн хянан шалгах түр хороотой холбож ойлгохоос өөр аргагүй. Улбаалаад парламентын үйл ажиллагаанд халдсан, түр хороонд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон явдал гэж харж байна. Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд би хандана” хэмээн мэдэгдээд, уг асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж байсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг олон хоног дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, гэмт хэргийн шинжгүй, үндэслэл тогтоогдоогүй гэх шалтгаанаар түүний гомдлыг хаасан байна.
-УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАЙРАМДАЛЫН МЭДЭЭЛЛИЙГ Г.ДАМДИННЯМ САЙД ҮГҮЙСГЭВ-
Харин энэ удаад УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцэн бас л олны анхаарлыг татлаа. Тэрбээр "Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зэсийн АМНАТ бууруулж орж ирэх нь ойлгомжтой болж байна. Энэ Пүрэв гарагт чуулганаар орж, дараа долоо хоногт багтаан батлах нь дээ. УИХ дахь МАН Бүлгийн шийдвэр зэсийн АМНАТ хөндөхгүйгээр хуулийг хэлэлцэн явуулах шийдвэр гарсан байтал юунд ингэж улайран яаран буулгах гэж зүтгүүлнэ вэ" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл түгээсэн.
ВИДЕО:
Гэтэл түүний энэхүү мэдээллийг салбарын сайд нь мөн л үгүйсгэлээ. Тодотговол, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Хэн ч бүлгийн шийдвэр зөрнө гээгүй. Ямар ч тийм санаа зорилго байхгүй байхад ажил хийх гээд хичээж байгаа хэдээ гөрдөж улс төр хийх ямар хэрэг байдаг юм бол доо. Ажлын хэсэг нь ч хуралдаж санал хураагаагүй байгаа ш дээ. Өчигдөр Батнайрамдал гишүүнтэй ярьж зарчмын зөрүүтэй саналаа бичээд өгөөч. Тэрүүгээр нь шийдээд явий гэж утсаар ярьсан. Яамнаас газрын даргаа явуулж томьёолол бичүүлж авъя гэж ч хэлсэн. За гээд л ярилцсан даа... АҮЭБ яам болон сайдын зүгээс зэсийн АМНАТ дээр Батнайрамдал гишүүнтэй санал нэг байгаа ( Онтре хэлэлцээр дуустал зэсийн АМНАТ-д хүрэхгүй байх ) бөгөөд өөрөөр шийдэх ямар ч санаа зорилго үгүй болно" гэдгийг тодотгосон.
Товчхондоо, О.Батнайрамдал гишүүн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр мөн л улс төр хийж, "шоудаж" байх талтай байна.
Ямартай ч Оюутолгойн асуудал хөндөгдөхөд "сэрж" олны анхаарлыг ямар нэгэн байдлаар татдаг УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын "хуурамч улсын дугаартай автомашинууд өөрийг нь дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан" гэх асуудлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас түүний гомдлыг хаажээ.