2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр түүх, англи хэлний шалгалтаар эхэлсэн бол өнөөдөр хими, газар зүй, нийгэм судлалын хичээлийн шалгалтууд үргэлжилж байна.
Шалгалтын явц болон олон нийтийн сүлжээнд тархаад буй "шалгалтын материал задарсан" гэх мэдээлэлтэй холбогдуулан Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат шалгалтын материал задарсан гэх мэдээллийг үгүйсгэж, "Элсэлтийн шалгалтын сэдэв, даалгавар задрах ямар ч боломжгүй. Сэдэв боловсруулахаас эхлээд шалгалтын төвүүдэд хүргэх хүртэлх бүхий л үйл явц 24 цагийн камерын хяналт болон хууль, хяналтын байгууллагын хяналтан дор явагддаг" гэв. Мөн элсэлтийн шалгалтад оролцож буй сурагчдын сэтгэл зүйн байдлыг далимдуулан худал мэдээлэл тарааж, ашиг хонжоо олохыг оролдож буй этгээдүүдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, холбогдох арга хэмжээг авч эхэлснийг мэдээллээ.
Түүнчлэн Боловсролын үнэлгээний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэрэнцоодол түүхийн шалгалтад дэлхийн түүхийн агуулга орсон талаар тайлбар өгөхдөө, энэ нь шалгалтын өмнө нийтэд ил тод зарласан блюпринтийн дагуу орсон бөгөөд шинэ агуулга биш гэдгийг онцолсон юм.