Хүнсний ногоо, малын тэжээлийн тариалалт долоодугаар сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ

Хүнсний ногоо, малын тэжээлийн тариалалт долоодугаар сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ

Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Атрын IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд 2026 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах ажлыг орон даяар хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн /2026.06.26/ байдлаар улсын хэмжээнд нийт 530.4 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал тариалсан байна.  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 59.7 мянган га буюу 18.9 хувиар, хүнсний ногоо 2.4 мянган га буюу 20.6 хувиар, малын тэжээл 20.8 мянган га буюу 37.8 хувиар өсжээ.

Харин бусад үр тарианы тариалалт 13.5 мянган га буюу 29.3 хувиар, төмсний тариалалт 518.2 га буюу 4.1 хувиар, тосны ургамлын тариалалт 37.2 мянган га буюу 41.7 хувиар өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.

Одоогийн байдлаар улаанбуудай болон төмсний тариалалт бүрэн дууссан бол хүнсний ногоо, малын тэжээлийн тариалалт ирэх долоодугаар сарын эхний арав хоног хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг ХХААХҮЯ мэдээллээ.