Зээлийн барьцаагаа суллаж, 796 саяын урамшуулал өөртөө олгосон гэх БЗС-ийн дарга асан Д.Гардид 5 хүртэл жилийн хорих "ял төлөвлөжээ"

Зээлийн барьцаагаа суллаж, 796 саяын урамшуулал өөртөө олгосон гэх БЗС-ийн дарга асан Д.Гардид 5 хүртэл жилийн хорих "ял төлөвлөжээ"

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр БЗС-ийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа мэдээлэл хийж, тухайн үеийн Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди, Боловсролын сайд асан Л.Цэдэвсүрэн нарын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаагаа мэдэгдэж байсан билээ. 

Улмаар АТГ-аас Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гардид холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл тус хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн захирал асан Д.Гарди нь ОХУ-д 2014-2016 онд зээлээр суралцсан бөгөөд БШУС-ын сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар түүний БЗС-гаас суралцсан 32 мянган ам.долларын зээлийг чөлөөлсөн байгаа юм. Харин тус тушаалыг үндэслэж Д.Гарди нь “Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай” өөрийн гарын үсэг бүхий албан бичгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, өөрийн барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж байсан гэх хэрэгт холбогдсон байдаг. 

Мөн Д.Гардийн тушаалаар нэр бүхий зээлдэгчдэд 87.7 мянган ам.долларыг шилжүүлсний зэрэгцээ нийт 796.6 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж, өөртөө давуу байдал бий болгосон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон аж. 

Тиймээс ч прокуророос Боловсролын зээлийн сангийн захирал асан Д.Гардид таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. Тодотговол, түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөн Д.Гардийн тус хэрэгт холбоотойгоор түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авад байгаа аж.  

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө