Өнөөдрийн /2026.06.29/ байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Туул голын дунд хэсэг, Хараа голын нийт уртын дагуу, Хэрлэн голын Өндөрхаан хот орчим болон Хангай нурууны өвөр хэсгээс усжих Онги голын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 сантиметрээр нэмэгдээд байна.
Одоогоор Орхон гол Сүхбаатар сум, Хүдэр гол, Ерөө голын Ерөө болон Дулаанхаан сум, Туул голын Улаанбаатар хот болон Алтанбулаг сум, Хэрлэн голын Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг, Ховд голын Мянгад сум орчимд усны түвшин үерийн түвшнээс 5-55 сантиметрээр даван үерлэж буйг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Урьдчилсан төлөвөөр маргааш буюу зургадугаар сарын 30-нд Туул гол Алтанбулаг сум орчимд, Хараа гол Дархан хот орчимд, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин тус бүр 10 сантиметрээр нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу амьдарч, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага болон аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа. Мөн голын эрэг, хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглан гол мөрөнд орохгүй байхыг зөвлөж байна.