Украин ОХУ-ын газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт дроны цохилт өгч, нэг хүн амиа алджээ

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт дроны цохилт өгч, нэг хүн амиа алджээ

Украин ОХУ-ын Краснодарын хязгаар болон Ярославль муж дахь газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт алсын зайн дроноор цохилт өгсөн талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдлээ.

Тэрбээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ "Оросын дайныг үргэлжлүүлэх чадамжийг сулруулах ажиллагаагаа бид үргэлжлүүлж байна" хэмээн онцолж, довтолгоонд өртсөн үйлдвэрүүд Украинтай хиллэх бүсээс ойролцоогоор 300 болон 700 километрийн зайд байрладаг болохыг дурдсан байна.

Краснодарын хязгаарын Славянск-на-Кубань хот дахь газрын тос боловсруулах үйлдвэрт гарсан галын улмаас нэг хүн амиа алдаж, ойролцоох сууринд нэг хүн гэмтжээ. Орон нутгийн захиргааны мэдээлснээр галыг унтрааж, орчмын замын хөдөлгөөнийг сэргээсэн байна.  Тус үйлдвэр нь өдөрт ойролцоогоор 100 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд ОХУ-ын дотоодын зах зээл болон экспортод шатахуун нийлүүлдэг томоохон үйлдвэрийн нэг юм. Мөн Москвагаас зүүн хойд зүгт орших Ярославль мужид дроны халдлага болсны дараа Москва чиглэлийн зарим авто замын хөдөлгөөнд түр хугацаанд хязгаарлалт тогтоожээ.

Украины довтолгоо эрчимжсэнтэй холбоотойгоор ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт шатахууны нийлүүлэлт доголдож, шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэх, зарим бүсэд түлшийг хязгаартай худалдаалах нөхцөл байдал бий болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч улс оронд шатахууны хомсдол үүссэнийг хүлээн зөвшөөрч, газрын тосны байгууламжуудын хамгаалалтыг чангатгах, шатахууны үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч буйгаа мэдэгджээ.