Ж.Оюунчимэг: Хавдар өвдөлт өгснөөр эхэлдэг өвчин биш. Эрт үед нь дурангийн тусламжтай илрүүлэх боломжтой

Ж.Оюунчимэг: Хавдар өвдөлт өгснөөр эхэлдэг өвчин биш. Эрт үед нь дурангийн тусламжтай илрүүлэх боломжтой

Монгол Улс ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоогоор дэлхийд өндөрт бичигдсээр байна. Гэсэн ч энэ өвчин эрт үедээ илэрвэл бүрэн эдгэрэх боломжтой гэдгийг олон хүн төдийлөн мэддэггүй. Хамгийн гол нь эрт үеийн өөрчлөлтийг зөвхөн дурангийн шинжилгээгээр илрүүлэх боломжтой байдаг.

Энэ удаагийн ярилцлагаар Хавдар Судлалын Үндэсний Төвд олон жил ажиллаж, мянга мянган иргэнд дурангийн оношилгоо хийсэн, дурангийн зөвлөх эмч, Клиникийн профессор Ж.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Та олон жил ХСҮТ-д ажиллаж, хавдрын эрт үеийн оношилгоотой хамгийн ойр байсан эмч. Өнөөдөр Монголд ходоод, бүдүүн гэдэсний хавдрын нөхцөл байдлыг ямар байна вэ?

-Монголчуудын дунд хоол боловсруулах замын өвчлөл маш өндөр хэвээр байна. Ялангуяа ходоодны салстын үрэвсэл, шарх, Helicobacter pylori халдвар, урьдал өөрчлөлтүүд түгээмэл байдаг.

Харамсалтай нь хүмүүсийн ихэнх нь өвдөөгүй болохоор асуудалгүй гэж боддог. Харин хавдар өвдөлт өгснөөр эхэлдэг өвчин биш. Эрт үедээ ямар ч зовуурьгүй явагдах нь элбэг. Өвдөж эхэлсэн үедээ аль хэдийн хожуу шатанд орсон байх эрсдэл өндөр байдаг. Тиймээс бид шинж тэмдэг илрэхийг хүлээх биш, эрт илрүүлэгт тогтмол хамрагдах соёлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.

-Монголчуудын дунд дурангийн талаар ямар буруу ойлголтууд хамгийн түгээмэл байдаг вэ?

-Нэлээд хэдэн ташаа ойлголт бий. Нэгдүгээрт, дуран олон хийлгэвэл ходоод гэмтдэг гэж ярьдаг. Энэ бол үндэслэлгүй ойлголт. Стандартын дагуу хийсэн дуран салстыг гэмтээдэггүй. Хоёрдугаарт, өвдөөгүй бол дуран хэрэггүй гэж үздэг. Энэ хамгийн аюултай ойлголт. Хавдар болон хавдрын өмнөх өөрчлөлтүүд ихэвчлэн ямар ч зовуурьгүй байдаг.

Мөн ходоодны дуран хийлгэсэн бол бүдүүн гэдэсний дуран шаардлагагүй гэж боддог хүмүүс бий. Энэ хоёр нь огт өөр эрхтнийг шалгадаг учраас нэг нь нөгөөгөө орлох боломжгүй.

-Бүдүүн гэдэсний дурангийн ач холбогдлыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Энэ талаар юу хэлэх вэ?

-Бүдүүн гэдэсний хавдар ихэнхдээ жижиг ургацаг буюу полипоос эхэлдэг. Хэрэв энэ полипийг дурангийн үед илрүүлээд авах юм бол хавдар болохоос нь өмнө зогсоож чаддаг. Энэ бол зөвхөн оношлох биш, урьдчилан сэргийлэх эмчилгээ гэсэн үг. Тиймээс бүдүүн гэдэсний дурангийн үнэ цэн маш өндөр.

-НУРА эрт илрүүлгийн төв хиймэл оюун ухаанд суурилсан дурангийн системийг ашиглаж эхэлсэн. Энэ технологи эмчийн ажилд ямар давуу тал авчирч байна вэ?

-Дурангийн оношилгоонд хамгийн чухал зүйл бол жижиг өөрчлөлтийг алдахгүй харах юм. Хиймэл оюун ухаан нь эмчийг орлохгүй. Харин эмчийн хоёр дахь нүд болж ажилладаг.

Дурангийн явцад салстын маш жижиг өөрчлөлт, полип, хавдрын эрт үеийн сэжигтэй хэсгийг бодит хугацаанд тэмдэглэж, эмчид анхааруулга өгч тусалдаг. Ингэснээр эрт үеийн эмгэгийг алдах эрсдэлийг бууруулж, оношилгооны чанарыг сайжруулахад тусалдаг. Эцсийн онош, эмчилгээний шийдвэрийг мэдээж эмч гаргана.

-Өндөр технологийн тоног төхөөрөмжөөс гадна эмчийн туршлага ямар үүрэгтэй байдаг вэ?

-Технологи маш хурдтай хөгжиж байна. Гэхдээ хамгийн сайн аппарат байсан ч түүнийг зөв ашиглаж, зөв тайлбарлаж чаддаг туршлагатай эмч байж үр дүн гардаг.

Нөгөө талаас маш туршлагатай эмч байсан ч орчин үеийн өндөр нягтаршилтай дүрс, хиймэл оюун ухааны дэмжлэгтэй ажиллавал оношилгооны чанар улам сайжирдаг. Өөрөөр хэлбэл технологи болон эмчийн туршлага хоёр бие биеэ нөхөж байж хамгийн сайн үр дүнд хүрдэг.

-Ямар хүмүүс заавал урьдчилан сэргийлэх дурангийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай вэ?

-40-өөс дээш насныхан тогтмол хамрагдахыг зөвлөж байна. Мөн гэр бүлдээ ходоод, бүдүүн гэдэсний хавдартай хүн байсан, Helicobacter pylori халдвартай, удаан хугацааны ходоодны зовиуртай, тамхи татдаг, архи тогтмол хэрэглэдэг хүмүүс эрсдэл өндөртэй бүлэгт ордог.

Гэхдээ наснаас үл хамааран шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөөгөөр дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

-Дурангаас айдаг хүмүүс цөөнгүй байдаг. Тэдэнд юу гэж хэлэх вэ?

-Айдас бол ойлгомжтой. Харин хавдрыг хожуу илрүүлэх эрсдэл нь дурангаас айхаас хавьгүй том асуудал. Өнөөдөр дурангийн технологи, тайвшруулалт, ариутгалын стандарт бүгд маш өндөр түвшинд хүрсэн. Хамгийн чухал нь та нэг удаагийн шинжилгээгээр олон жилийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой.

-Иргэдэд хандаж хамгийн чухал зөвлөгөөгөө хэлбэл?

-Өвдөхийг хүлээж болохгүй. Эрт илрүүлэг бол өвчин хайх биш, эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв хөрөнгө оруулалт юм. Хэрэв хавдрыг эрт үед нь илрүүлж чадвал эмчилгээний үр дүн өндөр, амьдралын чанар хэвээр үлддэг. Тиймээс өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ тогтмол эрт илрүүлгийн үзлэгт хамруулж хэвшихийг уриалмаар байна.

-НУРА Эрт Илрүүлгийн Төв-

НУРА эрт илрүүлгийн төв нь ходоод болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд өндөр нягтаршилтай дүрслэл, хиймэл оюун ухаанд суурилсан дэмжих системийг ашиглан эмчийн оношилгооны чанарыг сайжруулах орчин үеийн технологийг нэвтрүүлээд байна. Туршлагатай эмч, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, эрт илрүүлэгт суурилсан цогц үйлчилгээ нь иргэдийг хавдрыг эрт шатанд нь илрүүлэх боломжийг нэмэгдүүлж байна