Цаг уурын байгууллагаас гаргасан 2026 оны долоодугаар сарын урьдчилсан төлөвөөр баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудад дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хэмжээ баруун нутгаар дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байгаа юм.
Сарын эхээр баруун аймгуудад дулаан байх боловч зүүн нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байгааг анхааруулжээ. Иймд мал аж ахуй эрхлэгчид, тариаланчид, холын замд зорчих иргэд богино хугацааны нарийвчилсан цаг агаарын мэдээг тогтмол авч, сонор сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна.
Хоёрдугаар арав хоног буюу Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх ч зүүн аймгуудын зарим хэсгээр сэрүүн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр нутгийн зарим газарт аадар бороо, аянга цахилгаан, мөндөр, хүчтэй салхи, үер усны эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ.
Бүс нутгийн төлөв
-
Баруун аймгууд – Ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага байна. Харин сарын хоёрдугаар хагасаас зарим газраар аадар бороо орох төлөвтэй.
-
Төвийн аймгууд – Температур ерөнхийдөө олон жилийн дунджийн орчим байх бөгөөд сарын сүүлээр бороо, аадар бороо нэмэгдэж, салхи ширүүсэх төлөвтэй.
-
Зүүн аймгууд – Агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн, хур тунадас дунджаас ахиу орно. Сарын туршид хэд хэдэн удаа аадар бороо, хүчтэй салхи шуурч болзошгүй.
-
Говийн аймгууд – Температур ихэнх нутгаар дунджийн орчим, Өмнөговийн баруун хэсгээр дулаан байна. Сарын сүүлчээр аадар бороо, хүчтэй салхи шуурах магадлалтай.
Цаг уурын байгууллагаас иргэдийг үер ус, мөндөр, аянга цахилгаан, хүчтэй салхины эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын богино хугацааны мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.