Ирвэс бүхий бүсэд 100 хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулжээ

Ирвэс бүхий бүсэд 100 хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулжээ

Завхан аймгийн цоохор ирвэсийн тархац нутаг дахь тоо толгой, нягтшил, шилжилт хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камер байрлуулжээ.

Алдархаан, Яруу, Идэр, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан сумын ирвэс бүхий бүс нутагт нийт 100 ширхэг хөдөлгөөн мэдрэгч автомат камер байрлуулсан байна. Энэхүү судалгааны ажлыг WWF Mongolia-ийн дэмжлэгтэйгээр аймгийн Байгаль орчны газар, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Бор Хавцал төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

Автомат камер байршуулах нь олон талын ач холбогдолтой юм. Байршуулсан автомат камерын судалгаагаар ирвэс бүрийн биеийн хээ, толбоны өвөрмөц онцлогийг ашиглан нэг бүрчлэн таньж, давтан бүртгэл хийснээр тухайн нутаг дахь бодит тоо толгой, нутагшлын хүрээ, үржил, шилжилт хөдөлгөөнийг нарийвчлан тогтоох боломж бүрддэг байна.

Завхан аймаг нь Хангай, Монгол Алтайн уулсын шилжилтийн бүсэд оршдог бөгөөд Отгонтэнгэр уул орчмын өндөр уулын экосистем нь цоохор ирвэсийн амьдрах чухал орчинд тооцогддог. Ирвэс тогтвортой нутаглаж байгаа нь тухайн уулын экосистем эрүүл, аргаль, янгир зэрэг туруутан амьтдын популяци хэвийн байгааг илтгэх экологийн чухал үзүүлэлт болдог. Тиймээс энэ судалгааны үр дүн нь Завхан аймагт цоохор ирвэсийг хамгаалах менежментийг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх, хамгаалалтын бүс нутгийг оновчтой тогтоох. Хүний үйл ажиллагааны нөлөөллийг үнэлэх, мөн нутгийн иргэдийн оролцоотой хамгааллын арга хэмжээг боловсронгуй болгоход чухал суурь мэдээлэл болох юм гэж Бор Хавцал ТББ-ын судлаач А.Хүрэл-Эрдэнэ мэдээллээ.