Н.Өсөхбаяр, Б.Бат-Орших, Э.Чойням нарын барилдах эрхийг сэргээсэн ч Улсын наадмаар барилдах эсэх нь тодорхойгүй байна

Н.Өсөхбаяр, Б.Бат-Орших, Э.Чойням нарын барилдах эрхийг сэргээсэн ч Улсын наадмаар барилдах эсэх нь тодорхойгүй байна

Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд найман даван үзүүрлэж Улсын гарди цолын болзол хангасан аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн гэж үзэж барилдах эрхийг нь хасаад байсан билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг баталсан байдаг. Допингийн эсрэг үндэсний дүрмийн 15.1-д “Дэлхийн допингийн эсрэг Кодод гарын үсэг зурсан допингийн эсрэг байгууллага, давж заалдах шатны хэрэг хянан шийдвэрлэх байгууллага, Спортын арбитрын шүүх болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотойгоор гаргасан шийдвэрийг хүлээн авч, шууд дагаж мөрдөнө" гэж зохицуулсан байдаг.

Тэгвэл энэхүү зохицуулалтын дагуу аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн начин Э.Чойням нарыг Арбитрын шүүхээс, "Допингийн эсрэг зөрчил гаргаагүй" гэж үзснээр барилдах эрхийг нь Баяр наадмын зохион байгуулах хорооноос сэргээжээ. Харин тэдний хувьд энэ жилийн баяр наадмаар барилдах эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд хэрэв барилдахаар болвол аймгийн цолтойгоо барилдах аж. 

Энэ жилийн допингийн шинжилгээг Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд онгоцоор тээвэрлэн хүргэж шинжлүүлнэ. Харин дараа жилээс "17 тэрбумаар барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээ авна" хэмээн Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдсэн билээ.

Монгол үндэсний допингийн эсрэг байгууллагын бөхчүүдийн эрхийг сэргээх тухай албан бичиг