Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2026.07.01/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг танилцуулсан байна. Сонсгол даргалагч, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа Малчны тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрсөн ч хэрэгжилт хангалтгүй, бодит үр дүнд хүрээгүйг онцолжээ. Тэрбээр малчдын зээл, тэтгэвэр, эрүүл мэнд, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатайг дурдсан байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.
Мөн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлуулахыг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхээр болов.
Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Мандхайг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Ганхүлэг ажиллахаар болов.