Засгийн газрын өнөөдрийн /2026.07.01/ хуралдаанаар Оюу толгойн зээлийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар хэлэлцсэн. Энэ асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Оюу толгой" хэлэлцээрээр "Оюу толгой" төслийн менежментийн зардлыг найман их наяд төгрөгөөр бууруулсан. Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх хэлэлцээрийг өчигдөр хийсэн. Нийт дүнгээр 30 их наяд төгрөгийн зардлыг хэмнэхээр болсон. Менежментийн төлбөртэй холбоотой мушгин гуйвуулсан буруугаар тайлбарласан ойлголт байна. Хэлэлцээрийн дундуур садаа болохгүйн тулд би чимээгүй байлаа, одоо танилцуулга хийе.
Монгол Улс менежментийн төлбөрт гурван давхар төлбөр төлдөг байсан. Үйл ажиллагааны зардлын зургаан хувь гээд гэрээнд бий. Нэмээд төслийн санхүүжилтийн хүүгийн шимтгэлээс дахиад зургаан хувийг нэмж төлдөг байсан. Дараа нь давхардуулсан Рио Тинтогийн үйлчилгээний төлбөр гээд 27-30 сая ам.доллар аваад, энэ бүх мөнгөн дүн нийлээд 10 хувьд хүрдэг байсан. Үүнийг бид олон улсын Анкора гэдэг зөвлөх компани авч зөвлөгөө авахад менежментийн үйлчилгээний төлбөрийн дундаж нь медиан нь гурван хувь, арифметик дундаж нь 4.4 хувьд байхад болно гэсэн. Бид сая хэлэлцээрээр үндсэн менежментийн төлбөрийг 3.95 болгож тохирч чадлаа. Мөн хоёр төлбөрийг шууд тэглэж байхгүй болгов. Ингээд Монгол Улсад ирэх өгөөжийг 1.5 тэрбум доллараар нэмсэн юм. Мөнгөн дүнгээрээ бол яг 50 хувь буурсан хэлэлцээрийг хийсэн.
Дараагийн асуудал нь Оюутолгойн нэг хэсэг болох Онтрэ-гийн тухай яриа гарчээ. Онтрэг явуулахын тулд заавал хэлэлцээр хийх ёстой. Онтрэгийн хэлэлцээр Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан байгалийн баялаг монголын ард түмэнд ирнэ гэсэн зарчимд тулгуурлан хийгдэнэ. Монгол Улсын Засгийн газар менежментийн төлбөрийг бууруулсныхаа төлөө энэ компанийн ашиглалттай холбоотойгоор ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүй гэдгийг Засгийн газрын өмнөөс хариуцлагатайгаар мэдэгдье. "Онтрэ" ХХК-тай байгалийн баялгийн дийлэнх өгөөж Монголын ард түмэнд ирнэ гэсэн хэлэлцээр хийж түүнийг УИХ-аар оруулж олон нийтэд нээлтэй танилцуулж батлах хуультай. Тиймээс хуйвалдаж, нуусан ямар ч амлалт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Монгол Улс өөртөө авах өгөөжөө Үндсэн хуульдаа нийцүүлж авах зарчмыг баримтална" гэлээ.