УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монгол Улсын хоёр арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Монголбанкнаас тодорхой хариулт хүссэн юм.
Тэрбээр "Монгол Улсын хоёр арилжааны банк дайныг санхүүжүүлэх буюу удаа дараа бэлэн мөнгө угаасан гэх асуудлаар Европын Холбооны зүгээс хориг арга хэмжээ авах тухай мэдээлэл олон улсын хэвлэлд гарсан. Энд хэдэн зуун сая ам.долларын асуудал яригдаж байгаа учраас Монголбанкнаас тодорхой хариулт авмаар байна” гэв.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт " Мөнгө угаах, дайныг санхүүжүүлэх асуудал маш ноцтой. Төв банк зохицуулагчийн хувьд дүрэм, журмыг чанад мөрдүүлэх чиглэлийг арилжааны банкнуудад өгч ажиллаж байгаа. Би Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш хоёр удаа албан мэдэгдэл, чиглэл өгч, хатуу зарчим барьж ажиллах шаардлагыг хүргүүлсэн. Таны ярьж байгаа хоёр банкны талаар албан ёсны захидал, мэдэгдэл ирээгүй. Бид мэдээлэл гарсан даруйд Европын Холбооноос тодруулсан. Хариултад нь, танай банкуудын 2022 оноос хийгдсэн гадаад гүйлгээ, тэр дундаа ОХУ-тай холбоотой хоригийг тойрч оролцсон байж болзошгүй гүйлгээнд хяналт тавьж ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн" гэв.
ВИДЕО: