Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн Иргэний зөвлөл цахим хуудсаа идэвхжүүлж, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл нийтэлж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор тус зөвлөлийн эрх зүйн үндэс, чиг үүрэг, бүрэлдэхүүн, төсөв зэрэг асуудал олны сонирхлыг татаж байгаа юм.
"НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ НИТХ-ЫН ДЭРГЭД АЖИЛЛАДАГ"
Тэгвэл Нийслэлийн Иргэний зөвлөл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) дэргэд ажилладаг. Иргэдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөх, хяналтын чиг үүрэг бүхий бүтэц юм байна. Тус зөвлөлийн эрх зүйн орчин 2017 онд шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хуулиар бүрдсэн бөгөөд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.
"2017 ОНД ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛСНЭЭР НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ БИЙ БОЛСОН"
Энэ нь төрийн байгууллага биш бөгөөд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах чиглэлээр ажилладаг байна.
Тодруулбал, Иргэний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
-
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих;
-
Иргэдээс ирүүлсэн санал, гомдол, хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлах;
-
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
-
Цагдаа, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх;
-
Хууль, эрх зүйн мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-
Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж гаргах.
"НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ 10 ГИШҮҮНТЭЙ БӨГӨӨД УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛЖ БАЙГААГҮЙ БАЙХ ШАЛГУУРТАЙ"
Нийслэлийн Иргэний зөвлөл 10 гишүүнтэй бөгөөд гурван жилийн хугацаатай ажилладаг. Гишүүдийг хуульч, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарынхан болон иргэний нийгмийн идэвхтэй төлөөллөөс сонгон шалгаруулдаг байна. Гишүүнээр ажиллах иргэн сүүлийн таван жилийн хугацаанд цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх; ял шийтгэлгүй байх; ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байх гэсэн үндсэн шаардлагатай байна. Улмаар нэр дэвшигчдийн жагсаалт, товч намтрыг цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил тод танилцуулж, иргэдийн саналыг авч сонгон шалгаруулдаг.
Хамгийн сүүлд 2024 онд НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийг шинэчлэн байгуулсан бөгөөд зөвлөлийн даргаар О.Хонгор сонгогдсон. Мөн П.Одгэрэл, Т.Мөнхнасан зэрэг нийт 10 гишүүн ажиллаж байна.

"ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САРД 7.9 САЯ ЖИЛД 95 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ"
Иргэний зөвлөлийн гишүүд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний урамшуулал буюу 792 мянган төгрөг авдаг бөгөөд уг мөнгийг улирал тутам олгодог. Санхүүжилтийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төсвөөс гаргадаг. Ингэснээр:
-
Нэг гишүүн сард 792 мянган төгрөг;
-
10 гишүүнд нийтдээ сар бүр 7.92 сая төгрөг;
-
Жилд ойролцоогоор 95 сая төгрөгийн төсөв зарцуулдаг байна.
Харин 2017 онд эрх зүйн орчин бүрдсэнээс хойших найман жилийн хугацаанд Иргэний зөвлөлийн үйл ажиллагаанд нийт 760 орчим сая төгрөг зарцуулсан гэсэн үг юм.
"ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА О.ХОНГОР НЬ БЗД-ИЙН МАН-ЫН ТЭРГҮҮЛЭГЧЭЭР АЖИЛЛАДАГ БАЙНА"
Иргэний зөвлөлийн гишүүдэд сүүлийн таван жилийн хугацаанд төрийн улс төрийн албан тушаал эрхэлээгүй байх шаардлага тавьдаг. Гэсэн хэдий ч Иргэний зөвлөлийн дарга О.Хонгор нь Баянзүрх дүүргийн МАН-ын тэргүүлэгчээр ажилладаг гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Мөн зөвлөлийн гишүүн Ч.Ням-Оюун нь өмнө нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан талаар мэдээлэл бий. Эдгээр нь хуульд заасан шаардлагатай нийцэж байгаа эсэх талаар цахим орчинд хэлэлцүүлэг өрнөж байгаа бөгөөд албан ёсны байгууллагууд энэ талаар тайлбар өгөөгүй хэвээр байна.