Есөн хөлт цагаан тугаа арав биш найман удаа тойрсон бөх Улсын аварга цолтон болно

Есөн хөлт цагаан тугаа арав биш найман удаа тойрсон бөх Улсын аварга цолтон болно

Энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр Баяр наадмын зохион байгуулах комисс хуралдаж бөхийн барилдааныг эрт өндөрлүүлэх, бөхчүүдийн хоёр өдрийн ачааллыг гурван өдөрт хувааж, багасгах зорилгоор 10, 11, 12-ны өдрүүдэд 1024 бөх барилдуулах болж буйгаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр нэг болон хоёрын даваа, 11-ний өдөр гурав, дөрөв, тавын даваа, 12-ны өдөр зургаа, долоо, найм, ес, арвын даваа болох юм.

Тус шийдвэр гарсны дараа бөхчүүд болон олон нийт янз бүрээр хүлээн авч, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээд буй.

-ЖИЛИЙН ТУРШ ХОЁР ӨДӨРТ ЗОРИУЛЖ БЭЛТГЭЛ ХИЙСЭН БӨХЧҮҮДЭД ГУРВАН ӨДӨР ДАРААЛЖ БАРИЛДАХ НЬ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ-

Тэгвэл одоо үед барилдаж буй хамгийн өндөр цолтон болох Дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсандаа “Бөхчүүдийн эрх ашиг байхгүй юм уу? 3 өдөр барилдах амар байдаг гэж боддог юм байхдаа. 1024 бөх 2 өдөр барилдаад болоод байсан” хэмээн шүүмжлэлтэй хандсан. Хуучин уламжлалаар бол 11-нд нэг болон хоёрын даваа болоод үлдсэн даваанууд 12-нд болоод өндөрлөдөг байсан. Энэ жилийн хувьд ч уламжлал болсон жишгээр байна гэж бодож, бэлтгэл сургуулилтаа базаасан бөхчүүдэд сөргөөр нөлөөлж магадгүй юм.

МҮБХ-ны тэргүүн Магалжав тус шийдвэрээ танилцуулахдаа, “Бөхчүүдийн ачааллыг багасгаж, хэт оройн цагаар барилдуулахгүй байхын тулд гурван өдөр барилдуулахаар болсон” хэмээсэн байдаг. Гэтэл сүүлийн 10 гаруй жил зүлэг ногоон дэвжээндээ барилдаж буй Дархан аварга нь үүнийг эрс эсэргүүцээд байгаа юм.

Тэгвэл үнэхээр гурван өдөр дараалан барилдах хэцүү юу гэдгийг жишээ татан авч үзье. 2025-2026 оны бөхийн улиралд цөөнгүй гурван өдөр дараалсан барилдаанууд болсон. Гэвч заалны барилдаанд хоёр өдөр дараалан барилддаг бөх ч ховор. Харин энэ оны гуравдугаар сард Улсын арслан Э.Батмагнай хоёр өдөр дараалан түрүүлж гурав дахь өдрийн барилдаанд нэгийн даваанд бөхийн өргөөний хамгаалалтын албаны ажилтанд өвдөг шороодож байсан удаатай.

Гэтэл Улсын наадам болон заалны барилдаануудын ялгаа тэнгэр, газар л гэсэн үг.

-БӨХЧҮҮД ДАВАА НАЙМАЛЦАХ БҮТЭН ӨДӨРТЭЙ БОЛЛОО-

Үндэсний бөхийг муухай харагдуулдаг хоёр зүйл байдаг. Нэг нь допинг, нөгөө нь давааны наймаа. Допингийн хэрүүл уламжлал ёсоор наадмын дараагаас эхэлдэг бол найрааны хэрүүл 12-ны өдөр болдог байлаа. Хуучнаар бол 12-нд гурав, дөрвийн даваа дуусаад “Начны найраа”-гаа хий гэж байгаа мэт 30 орчим минут завсарладаг байсан. Энэ хугацаа дөрөв давсан аймгийн цолтой бөхчүүдэд их л хурдан өнгөрдөг аж.

Зарим бөхчүүд үнэ, мөнгөө тохирч чадахгүйгээс болж зарим давааны наймаа бүтэлгүйтдэг нь ч нууц биш байхаа больсон. Тэгвэл энэ жилээс даваа наймаалцах хугацааг бүтэн өдрөөр сунгаад өгчээ.

-"13-НД ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ УЧИР ГУРВАН ӨДӨР БАРИЛДУУЛАХААР БОЛСОН"-

Үндэсний баяр наадмын хамгийн чухал зүйлсийн нэг бол есөн хөлт цагаан туг байдаг. Есөн хөлт цагаан тугаа 11-ны өдөр цэнгүүлж, цэнгэлдэхэд залдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн бөхийн барилдааны нэг болон хоёр давсан бөхчүүд есөн хөлт цагаан тугаа тойрч чадахгүй. Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар одоогоор 10-ны өдөр ямар туг залах эсэх нь тодорхойгүй байгаа гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ жилийн наадамд түрүүлсэн бөх есөн хөлт цагаан тугаа найман удаа тойрч аварга, даян аварга, дархан аварга цолыг хүртэж мөн л адил бөхийн бичигдээгүй хууль болсон зүйлээ зөрчих шаардлагатай болж байна.

Энэ талаар Шадар сайд Н.Номтойбаяр, “13-ны өдөр адууны баяр зохион байгуулагдана. Тийм учраас 12-нд наадмыг эрт дуусгах шаардлага гарсан. Мөн гурван өдөр барилдсанаар найраа багасна” гэж мэдэгдсэн. Хэрэв гурван өдөр барилдах болсноо хэдэн сарын өмнөөс урьдчилан мэдэгдэж бөхчүүд бэлтгэл, сургуулилтаа тааруулсан бол өнөөдрийн нөхцөлд хүрэхгүй байсан биз ээ. Нар гудайтал барилдана гэх яриа энэ жилдээ үгүйрч, есөн хөлт цагаан тугаа найман удаа тойрсон бөх аварга цолтон болох онцлогтой наадам болж түүхэнд үлдэхээр болж байна  

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө