Улсын Их Хурал Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 12-нд яаралтай горимоор өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Хуулийн төслийг Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын өргөн мэдүүлсэн төслүүдтэй нэгтгэн хэлэлцэж, эцсийн найруулгаар баталсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын мэдээлснээр, уг хууль хэрэгжиж эхэлснээр 500 мянга гаруй тэтгэвэр авагчийн тэтгэвэрт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас нь хамааран 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох боломж бүрдэх аж. Мөн 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингийн дээд хязгаараар тэтгэврээ тогтоолгосон 140 мянга орчим иргэний тэтгэврийн зөрүүг арилгах бодлогын шинэчлэл хийгдэхээр болжээ. Тодруулбал, итгэлцүүрийн зохицуулалтыг ашиглан тэтгэврийг 2.4 сая төгрөгийн цалингийн жишгээр дахин тооцож, өмнөх тогтолцооноос үүссэн зөрүүг бууруулна гэв.