2025 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний хариу ирсэн хугацааг танилцууллаа

2025 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний хариу ирсэн хугацааг танилцууллаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2025 оны Үндэсний их баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний хариу ирсэн хугацааны мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар үндэсний бөхийн 32, сурын харвааны 16 тамирчнаас нийт 48 сорьц цуглуулсан байна. Эдгээр сорьцыг 2025 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 19:35 цагт (Европын цагаар) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь лабораторид Эрүүгийн цагдаагийн алба болон Тагнуулын ерөнхий газрын хяналтын дор хүлээлгэн өгчээ.

Лабораторийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны албан ёсны цахим шуудангаар дараах дарааллаар хүлээн авсан байна.

  • долоодугаар сарын 16-ны 21:32 цагт – 16 хариу
  • долоодугаар сарын 16-ны 21:33 цагт – 13 хариу
  • долоодугаар сарын 16-ны 21:34 цагт – 14 хариу
  • долоодугаар сарын 18-нд – 3 хариу
  • долоодугаар сарын 23-нд – 1 хариу
  • наймдугаар сарын 15-нд – 1 хариу

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын мэдээлснээр нийт сорьцын дийлэнхийн шинжилгээний хариу лабораторид сорьц хүлээн авснаас хойш 48 цагийн дотор ирсэн байна. Харин сэжигтэй үр дүн илэрсэн, нэмэлт баталгаажуулах болон нарийвчилсан шинжилгээ шаардлагатай тохиолдолд хариу гарах хугацаа уртасдаг аж.