Б.Жаргалан: Төрийн оролцоо нэмэгдэх тусам иргэдийн эдийн засгийн эрх чөлөө хумигдаж байна

Б.Жаргалан: Төрийн оролцоо нэмэгдэх тусам иргэдийн эдийн засгийн эрх чөлөө хумигдаж байна

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаар УИХ-ын 2026 оны хаврын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Ардчилсан хувьсгалын мөрөөдөл бол эрх чөлөөтэй монгол хүнийг бүтээх явдал байсан. Улс төр, эдийн засгийн эрх чөлөөтэй иргэдээс бүрдсэн нийгмийг байгуулах итгэл үнэмшлээр Ардчилсан нам өнгөрсөн 36 жилийн турш улс төрийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

МАН үнэмлэхүй олонхоор засагласан сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засаг дахь төрийн оролцоо үлэмж нэмэгдэж, төр улам томорсон. Үүний улмаас хувь хүмүүсийн итгэл үнэмшил, идэвх санаачилга, бүтээмжид суурилсан хөгжил саарч байна. Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд ДНБ-д эзлэх татварын ачаалал 37 хувьд хүрч, төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого 25 их наяд төгрөг болсон. Монгол Улсын иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөө хумигдаж байгаа энэ үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилсан.

Энэ хуульд төр эдийн засгийн харилцаанд оролцох хүрээг тодорхой болгож, хууль тогтоомжид туссан тусгай зөвшөөрлийн тоог аль болох цөөлөхөөр тусгасан. Гэтэл Засгийн газар нэг гараараа Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьж байгаа хэр нь нөгөө гараараа төрийн оролцоог нэмэгдүүлж байна. Энэ бол МАН, Ардчилсан намын үзэл баримтлалын ялгааг тод харуулж байгаа юм. Бид цомхон төр, татварын дарамт багатай тогтолцоог бий болгохын төлөө ажиллаж байна. Монгол Улсын хөгжил дарга нарт бус, монгол хүний идэвх санаачилга дээр суурилах ёстой. Ардчиллын мөрөөдөл амилаасай, залуучууд эх орноосоо битгий яваасай, дарга нарын цүнх барьдаг биш өөрсдийн боломжоо бүтээдэг нийгэм байгаасай гэж хүсэж байна" хэмээн хэллээ.