“Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг өнгөрсөн зургаадугаар сарын 04-ний өдөр АТГ-аас яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан билээ.
Тодруулбал, Т.Мөнхдалайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх хэргээр АТГ-аас мөрдөн шалгаж байгаа.
Үүнтэй холбоотойгоор түүнийг өнгөрсөн зургаадугаар сард /2026.06.04/ мөрдөх байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулан, улмаар шүүхээс түүнийг ...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах,өөрчлөх, нуун далдах, хуурамчаар үйлдэх.. гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;” гэсэн үндэслэлээр прокурорын саналаар нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл түүнийг цагдан хорьсон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос Т.Мөнхдалайг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Харин энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх тус саналыг хэлэлцээд прокурорын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг өөрчилж, Т.Мөнхдалайг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Шүүхээс ийнхүү шийдвэр гарсан учир “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг өчигдөр /2026.07.02/ Хорих 461 дүгээр ангиас сулласан байна. Ташрамд өгүүлэхэд, түүний ах Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг мөн АТГ-аас мөрдөн шалгаж буй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. Дээрх нэр бүхий хүмүүс болон Т.Даваадалайн эхнэрийн дүү Б.Билгүүн нарыг “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдээс хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал олгож авсан мөнгөө ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнан их хэмжээний мөнгө угаасан, хамжигчаар оролцсон байж болзошгүй хэмээн мөрдөх байгууллагаас шалгаж буй гэдгийг эх сурвалжууд мэдээлдэг.
Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.