Дорнод, Хөвсгөл аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод, Хөвсгөл аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Онцгой байдлын байгууллагад долоодугаар сарын 1-нд Дорнод, Хөвсгөл аймагт гарсан ой, хээрийн түймрийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллан хоёр түймрийг бүрэн унтраажээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн "Лагийн хоолой" гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг долоодугаар сарын 1-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан байна. Түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, долоодугаар сарын 2-ны өдрийн 05:40 цагт цурамд оруулан, 09:07 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар тус түймэрт 7500 га хээрийн талбай өртжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар багийн "Асгат" гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг долоодугаар сарын 1-ний өдрийн 15:57 цагт хүлээн авчээ. Тариалан сум дахь Онцгой байдлын газрын 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан болон орон нутгийн нийт 29 хүн, дөрвөн автомашин, зургаан мотоциклтойгоор унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар уг түймрийг мөн өдрийн 19:50 цагт цурамд оруулж, долоодугаар сарын 2-ны өдрийн 20:02 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хоёр га ойн талбай түймэрт өртжээ.