"Туулын хурдны зам"-ын тендерийн үнэлгээний хорооны нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ХаоЮань" группийн "Хаоюань женерал констракшн" ХХК гэх Хятадын иргэн Liu Daiwen-ний компани "Туулын хурдны зам"-ын тендерт шалгарч, улмаар нийслэлээс тус компанид 500 орчим тэрбум төгрөгийг олгоод байгаа. Гэтэл тус компанийг хууль зөрчиж сонгон шалгаруулсан байж болзошгүй хэмээн тус тендерийн үнэлгээний хорооны нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлдэг.
Тэгвэл "Туулын хурдны зам"-ын тендерийн үнэлгээний хорооны нэр бүхий гишүүд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ХаоЮань" группийн "Хаоюань женерал констракшн" ХХК-ийг уг тендерт шалгаруулахдаа нэлээд олон ноцтой зөрчил гаргасан байж магадгүй байгаа аж.
-"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ"-ЫН ТЕНДЕРТ ШАЛГАРУУЛСАН КОМПАНИ НЬ МЭРГЭЖЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙГАА АЖ-
Тухайлбал, Гадаадын хуулийн этгээд тендерт оролцох тохиолдолд өөрийн бүртгэлтэй улс буюу үйл ажиллагаа явуулж буй улсын эрх бүхий байгууллагаас олгосон ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлэн ирүүлэх учиртай байна. Хятадын "Хаоюань групп" ХХК нь Хонконгт бүртгэлтэй бөгөөд БНХАУ эсвэл Хонконгийн холбогдох байгууллагаас олгосон ажил гүйцэтгэх зөвшөөрлийн гэрчилгээг ирүүлэх шаардлагатай атал тус байгууллага нь тендерт дээр дурдсан тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй байжээ.
Өөрөөр хэлбэл, "Туулын хурдны зам"-ын тендерт шалгарсан Хятадын компанийн ажил гүйцэтгэх мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй нь нотлогдохгүй байхад тендерт сонгон шалгаруулсан байх талтай байгаа аж.
-"АВТО ЗАМЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ ИРҮҮЛЭЭГҮЙ БАЙХАД ТЕНДЕРТ ШАЛГАРУУЛСАН БАЙЖЭЭ"-
Мөн "Туулын хурдны зам"-ын тендерт түншлэлийн гишүүн талыг төлөөлж оролцсон "Тяньжин ӨүБайВэй" ХХК-ийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг гаргаж өгөөгүй, тендерт шаардагдах авто замын зураг төслийн тусгай зөвшөөрөл ирүүлээгүй байсан гэх мэдээлэл байна.
Энэ нь хурдны замын зураг төсөл боловсруулах шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байгаа аж.
Түүнчлэн тендерт туслан гүйцэтгэгчээр “ЧанЧун Хунжянь" инженерийн зураг төслийн ХХК”-ийг зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэгчээр туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг ирүүлсэн гэх боловч уг компани нь зөвхөн авто замын В зэрэглэлийн зураг төслийн тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажил гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгч байсан талаарх баримт бичгийг ч мөн ирүүлээгүй байжээ.
Энэ нь тендерт тусгасан ажлыг магадгүй хэрэгжүүлэх чадамжгүй гэдгийг харуулж байгаа аж.
-ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР НЬ ЭЧНЭЭГЭЭР КОЛЛЕЖ ТӨГССӨН БОЛ ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР НЬ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ БАЙХГҮЙ БАЙЖЭЭ-
Үүгээр зогсохгүй тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын шаардлагыг хангаагүй талаарх мэдээлэл ч байна.
Тухайлбал,
- Ерөнхий инженер LI YOUNG мэргэжлийн коллежийг зөвхөн эчнээгээр төгссөн, дээд боловсролын гэрчилгээ нотлогдохгүй, барилгын 1-р зэргийн инженер биш. Түүний бүртгэлтэй ХАБЭА гэрчилгээ нь Тяньжин ӨүБайВэй ХХК-д бүртгэлтэй боловч НДШ Хятадын "Хаоюань групп" ХХК-д төлөгдөж байгаа нь гэрчилгээ болон НДШ төлөлт хийсэн байгууллага хоорондоо зөрүүтэй.
- Ерөнхий төсөвчин WEI YANZHONG нь мэргэжлийн боловсролын гэрчилгээ шаардлага хангахгүй.
- Геотехникийн инженер SONG LING мэргэжлийн боловсролын гэрчилгээ нь байгаль орчны инженер буюу тендерийн шаардлага хангахгүй.
- Цахилгааны инженер QIAO GUANGHUI дээд боловсролын гэрчилгээ байхгүй, бакалавр зэрэг байхгүй.
- Геодезийн инженер TAN LIANG мэргэжлийн боловсролын гэрчилгээ нь материал судлалын инженер байгаа нь тендерийн шаардлагад нийцэхгүй.
- ХАБЭА инженер нь WANG XIAOPENG дээд боловсролын гэрчилгээ байхгүй, аюулгүй ажиллагааны инженерийн шаардлага хангахгүй.
Дээр дурдсан инженер техникийн ажилтнууд нь дээд боловсролын гэрчилгээ дутуу байгаагаас гадна түншлэлийн гишүүн болон төлөөлөгч тус бүрт ялгаж тендерийн шаардлагыг хангаж ирүүлээгүй байхад нь үнэлгээний хорооны гишүүд дээрх тендерт шалгаруулсан байж магадгүй хэмээн хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.