Үндэсний их баяр наадам болон аймаг, орон нутгийн баяр наадамд оролцох үндэсний бөх, сурын харвааны тамирчдын Эмчилгээний зорилгоор чөлөөлөх (ЭЗЧ) зөвшөөрөл авах хүсэлтийг өнөөдөр /2026.07.05/ дуусна.
ЭЗЧ гэдэг нь тамирчны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай боловч Допингийн эсрэг дүрмийн Хориглосон жагсаалтад багтсан эм, бодис, аргыг дүрмийн хүрээнд хэрэглэх зөвшөөрөл юм. Иймд ЭЗЧ-ийн зөвшөөрөл шаардлагатай эм, бодис хэрэглэж байгаа, эсвэл хэрэглэх шаардлагатай болсон тамирчид холбогдох эмнэлгийн баримт бичгээ бүрдүүлэн хүсэлтээ өнөөдрийн дотор гаргахыг анхааруулжээ. Хүсэлтээ хугацаанд нь бүрэн баримттайгаар хүргүүлснээр тамирчид эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ допингийн эсрэг дүрэм зөрчих эрсдэлээс сэргийлж, тэмцээн уралдаанд дүрмийн дагуу оролцох боломж бүрдэх юм.