Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөгийг залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нар хэрэг нь шүүхийн шатанд шилжсэний дараа Монгол Улсаас оргон зайлсан байдаг.
Үүний дараа тэднийг Монголын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн. Гэсэн ч тэд Тайланд Улсад саатуулагдсан талаар өмнө нь мөн мэдээлж байсан билээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Интерполоор эрэн сурвалжилж байсныг зогсоожээ.
Учир нь тэд Тайланд Улсад бусдын гадаад паспортыг ашиглан нэвтэрсэн, мөн Б.Баттулга гэгч нь Тайланд улсын хилээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар гаргах гэж байсан хэргээр саатуулагдсан тул тус улсын хуулийн байгууллагад шалгагдаж байгаа аж.
Иймээс Тайландын эрх бүхий байгууллага дотоодын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа эхэлсэн тул дээрх хүмүүсийг Интерполын шугамаар Монгол Улсад шууд шилжүүлэн өгөх боломжгүй болж байна гэсэн үг юм. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тэд бусдын паспортыг ашиглан илгээмж илгээж, баривчлагдахаас зайлсхийхийн тулд байршлаа байнга сольж байсан нөхцөл байдал тогтоогдсон талаар Тайландын хэвлэлүүд мэдээлж байсан. Одоогоор Б.Бямбадорж, Б.Баттулга нарт холбогдох хэргийг Тайландын эрх бүхий байгууллага шалгаж байгаа бөгөөд шалгалтын үр дүн, шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна. Энэ тухай бид эргэн мэдээлэх болно.