ШУУРХАЙ: Баруун бүсийн цахилгаан тасарсан шалтгаан тогтоогдож, Кызылаас засварын бригад хөдөлжээ

ШУУРХАЙ: Баруун бүсийн цахилгаан тасарсан шалтгаан тогтоогдож, Кызылаас засварын бригад хөдөлжээ

ОХУ-ын Чадан дэд станцаас Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д нийлүүлдэг цахилгаан эрчим хүч долдугаар сарын 6-ны 21:45 цагт тасарсны улмаас Увс, Ховд зэрэг баруун бүсийн аймгуудад цахилгаан хангамж доголдоод байна.

Цахилгаан тасарсантай холбоотойгоор орон нутгийн зарим орон сууцны хорооллын цэвэр усны хангамж мөн түр хугацаанд саатсан талаар холбогдох байгууллагууд мэдээлэв. Албаныхны мэдээлснээр, ОХУ-ын талаас цахилгаан нийлүүлэлтийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан нь цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарсантай холбоотой аж. Гэмтэл гарсан цэгийг тогтоосон бөгөөд засварын бригад ОХУ-ын Кызыл хотоос тухайн байршил руу хөдөлж, сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна. Энэ хооронд Увс аймаг Дөргөний усан цахилгаан станцын эх үүсвэрийг ашиглан нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг түр хугацаанд цахилгаан эрчим хүчээр хангаж байгааг орон нутгийн удирдлагууд мэдээллээ. Цахилгаан хангамжийг хэзээ бүрэн сэргээх талаар одоогоор тодорхой хугацаа зарлаагүй бөгөөд энэ тухай мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэх болно.