Т.Ариунаа: Урлагаасаа урвалгүй, шарвалгүй 40 жил зүтгэлээ

Т.Ариунаа: Урлагаасаа урвалгүй, шарвалгүй 40 жил зүтгэлээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаад Ардын жүжигчин цол хүртээлээ.

Шагналаа гардан авсны дараа тэрбээр баярын сэтгэгдлээ хуваалцаж, урлагийн салбарт дөрвөн арваны турш үнэнчээр зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлсэндээ талархаж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр хэлэхдээ "Ардын жүжигчин хэмээх цолыг хүртээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ их итгэл, хүндэтгэлийн өмнө гүнээ мэхийн ёсолъё.  40 жилийн турш урлагаасаа урвалгүйгээр, шарвалгүйгээр, хоёрдмол санаагүйгээр, үнэнчээр тууштайгаар урлагийнхаа манаанд зогссон. Урлагийн гараагаа эхлүүлэхэд аав, ээж минь, ялангуяа ээж маань урлагийн А үсгийг зааж дуулж, бүжиглүүлж сурган, төлөвшүүлсэн. Ээж минь тэнгэрийн орноос харж байгаа байх. Аав минь мэргэжлийн урлагийн байгууллагад хөтлөн оруулж, хүүхэд байхаас минь намайг дайчин, өөртөө итгэлтэй, бадрангуй байх төлөвшлийг олгосон хүн бол аав минь. Соёл-Эрдэнэ хамтлагт хөтөлж оруулсан хүн бол миний аав. Аав, ээждээ үнэхээр их талархаж байна. Намайг 52 дугаар сургуульд ороход нарны дуулал хамтлагт дуулахад урлагийн талбарт яаж хөдөлмөрлөх ёстойг, хоёр нүүргүйгээр бусдад яаж үйлчлэх ёстой гэдэг төлөвшлийг өгсөн хүн бол урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Галмандах багш. Багш маань намайг 15 настай байхаас эхлээд өөрийнхөө дуунуудыг өгч байсан. Багшийнхаа өгсөн олон дууг Монголын радиогийн Алтан фондод дуулж үлдээсэн. Урлагийн алтан сан хөмрөгт нандин дууны өв соёлыг үлдээсэн гэж Ерөнхийлөгчийн зарлигт дурдагдаж байна. Нийтдээ 250 гаруй дуу дуулсан. Үүнээс 60 гаруй нь байнга дуулагдаж байгаа. Өнгөрсөн цаг хугацаанд надтай үнэнчээр ажилласан продюссер, үг, ая зохиогч, хөгжмийн найруулагч, клипийг минь хийсэн продакшнууддаа талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.