Б.Сарантуяа: Энэ бол ганцхан миний биш, миний урлагийн хамт олны шагнал

Б.Сарантуяа: Энэ бол ганцхан миний биш, миний урлагийн хамт олны шагнал

Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн дуучин Б.Сарантуяа сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр "Бор зүрхээрээ, сэтгэл зүрхээрээ 40 жил уран бүтээлээ туурвиж, эх орноо долоон удаа тойрон тоглолтоо хийж, гадаадад амьдарч буй монголчууддаа ч уран бүтээлээ хүргэлээ. Ингээд 40 жилийн ойн тоглолтоо хийснээс хойш нэг жилийн дараа Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэж байгаадаа баяртай байна. Би 2005 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэж байсан. Түүнээс хойш 21 жилийн дараа Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ.

Намайг үргэлж урамшуулж, дууг минь сонсож ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн намайг уран бүтээлээр хөглөж байдаг хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, рок, попын уран бүтээлчид, хамт олондоо, биднийг үргэлж дэмждэг байгууллага, ивээн тэтгэгчдэдээ, төрдөө баярлалаа. 56 насандаа хүртэж буй Монгол Улсын Ардын жүжигчин цол бол ганцхан миний биш, миний урлагийн хамт олны хүртсэн шагнал юм. Би ганцаараа 40 жил дуулаагүй. Цаашид ч хамтдаа уран бүтээлээ хийж, хөгжсөөр байх болно. Баярлалаа" хэмээлээ.