"Огцрох амархан" жагсаалын үеэр буюу 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр нэр бүхий иргэд иргэн Ц.Лут-Очирын биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан хэрэг гарсан.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Гэвч прокуророос уг хэрэгт "гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан иргэн Ц.Лут-Очир прокурорын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, дээд шатны прокурорт гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл дээд шатны прокурор уг гомдлыг хянан үзээд, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр буцаасан байна. Мөн уг хэрэгт хяналт тавьж байсан прокурорыг сольж, өмнөх прокурорын шийдвэр, ажиллагаанд хяналт шалгалт хийхээр Улсын ерөнхий прокурорын газрын Хяналтын хэлтэст шилжүүлжээ.