Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс 10 дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр өмнө нь 1000 төгрөг байсан замын хураамж 10 мянган төгрөг болж нэмэгдэх юм.
Шийдвэртэй холбоотойгоор Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Сангийн сайд нар замын хураамжаа аваад замаа зас гэдэг. Хуульд зам засахад найман эх үүсвэр байна гэдэг ч бодитой ганцхан эх үүсвэр нь замын хураамж байдаг. Бусад нь хуульд заасан төдий авах ямар ч боломжгүй байдаг. Замын хураамжаа нэмж, замаа сайхан болгохгүй бол маш олон хүний амь нас үрэгдэж, эд хөрөнгө хохирч байна" гэсэн тайлбарыг Элч.мн сайтад өгчээ.
Гэвч энэхүү шийдвэр олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Иргэдийн зүгээс төрөөс өмнө нь авто зам ашигласны төлбөр, автомашины албан татварыг хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн ч замын чанар, дэд бүтэц төдийлөн сайжраагүй гэж үзэж байгаа юм. Тухайлбал, нийслэлд авто зам ашигласны жилийн төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 100-250 мянган төгрөг болгон өсгөсөн. Мөн орон нутгийн улсын дугаартай автомашин нийслэлд 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн төлбөр төлөх зохицуулалтыг хэрэгжүүлсэн. Эдгээр өөрчлөлтөөр нийслэлийн авто замын санд жилд 150 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрнө гэж тооцоолж байсан юм.
Тухайн үед хотын удирдлагууд уг хөрөнгийг зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, түгжрэлийг бууруулахад зарцуулна гэж тайлбарлаж байсан ч өнөөдрийг хүртэл замын чанар, түгжрэлийн асуудал бодитоор сайжраагүй гэж иргэд үзэж байна. Иймээс энэ удаагийн орон нутгийн замын хураамжийг 10 дахин нэмэгдүүлэх шийдвэр ч бодит үр дүн авчрахгүй, зөвхөн иргэдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлнэ гэсэн байр суурь олон нийтийн сүлжээнд давамгайлж байна.