Хурдан морь унах нь хүнд хөдөлмөр тул хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглодог

Хурдан морь унах нь хүнд хөдөлмөр тул хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглодог

Үндэсний их баяр наадам ойртож буйтай холбогдуулан Хүүхэд, гэр бүл, хамгааллын ерөнхий газраас хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон ослын статистикийг танилцууллаа.

Тодруулбал, он гарснаас долдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 243 хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, нийт 5714 хүүхэд оролцсон байна. Мөн хуульд заасан зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө зохион байгуулахаар төлөвлөсөн аймаг, бүсийн чанартай 26 уралдааныг таслан зогсоожээ.

Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хамгааллын газрын дарга Л.Бадамцэцэгийн хэлснээр, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг хүүхэд нэг өдөрт хоёроос дээш удаа хурдан морины уралдаанд оролцохыг хориглодог бөгөөд энэ нь хүүхдийг хэт ачаалал, эрсдэлээс хамгаалах зорилготой аж. Учир нь хурдан морь унах нь хүүхдийн хувьд хүнд хөдөлмөрт тооцогддог байна.