Ч.Ууганбаяр: ГССҮТ-д хандсан хүүхдүүдийн 80 хувь нь халууны үйлчлэлээр түлэгдсэн байна

Ч.Ууганбаяр: ГССҮТ-д хандсан хүүхдүүдийн 80 хувь нь халууны үйлчлэлээр түлэгдсэн байна

Үндэсний их баярын наадмаар олон хоног амрахтай холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2026.07.08/ Зам тээврийн осол, гэмтэл, ахуйн хүрээний болон халуун тогооноос болох 0-18 насны хүүхдийн гэмтэл, могойд хатгуулах осол гэмтлийн талаарх тоон мэдээлэл болон урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өглөө.

ГССҮТ-ийн Түлэгдэлтийн төвийн эрхлэгч Ч.Ууганбаяр “Өнгөрөгч оны байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар 6 мянга гаруй хүн үйлчлүүлснээс 60 хувь нь хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 80 хувь нь хүнд түлэгдсэн байдалтай ирдэг. Түлэгдэлтийг бууруулах хамгийн чухал арга бол эрсдэлийг багасгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах явдал юм. Түлэгдэлтийг халууны үйлчлэлээр, химийн бодисын үйлчлэлээр, цахилгаан болон цацрагийн нөлөөгөөр үүссэн түлэгдэлт гэж ангилдаг. Манай улсад халууны үйлчлэлээс үүдэлтэй түлэгдэлт хамгийн түгээмэл тохиолддог. Ийм үед хамгийн түрүүнд түлэгдсэн хэсгийн хувцсыг тайлж, дараа нь өрөөний температуртай урсгал усаар түлэгдсэн хэсгийг хөргөх хэрэгтэй. Үүний дараа заавал эмчид үзүүлэх шаардлагатай” гэлээ.

ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Орон нутгийн замд хурднаас хамааралтай осол, онхолдох хэлбэрийн осол их гарч байна. Улмаар гэр бүлээрээ амь насаа алдах, дөрөв, таваараа эндэх харамсалтай осол бүртгэгддэг.  Хэргийн нөхцөл байдал дээр очоод үзлэг хийхэд бүс зүүдэггүй, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг хангаагүй байдаг. Түүнчлэн зорьж буй газар руугаа БҮҮ ЯАР. Амраад аюулгүй аялж явах шаардлагатай байна. Энэ жил цагдаагийн байгууллагаас “Амраад аюулгүй аялъя” гэх уриатай нөлөөлөл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа. Орон нутгийн замд 140, 160 километр цагийн хурдтай явдаг. Учирлаад хэлэхээр “Ийм зам дээр мөлхөж явах юм уу” гэдэг. Та хурдаа нэмэх тусам таныг хамгаалах бүсний чадвар буурна.Та 100 гаруй километр цагийн хурдтай явж байгаа бол хамгаалах бүс зүүсэн байсан ч эрсдэлээс хамгаалах чадвар нь 30-40 хувьтай болдог. Хамгаалах хувь буурна гэсэн үг. Иймд аялал зугаалгаар хол замд явахдаа хамгаалалтын бүсээ зүүж, хурдаа хэтрүүлэхгүй, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, жолооч аливаа эрсдэлээс сэргийлэн сайтар амарсан байх шаардлагтай" гэлээ.