Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг өргөжүүлэх хүрээнд шинэ сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гаргасныг мэдэгдэв.
Тэрбээр "Саяхан таван аймгийн таван байршилд сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Үүний хүрээнд нийт 220 МВт хүчин чадалтай, батарей хуримтлуур бүхий нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын гэрээг долоодугаар сарын 1-нээс байгуулж, ажил эхэлсэн. Энэ загварыг өргөжүүлж, дараагийн шатны аукционыг зарлахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Баянхонгор аймагт, мөн зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод аймагт батарей хуримтлууртай нарны цахилгаан станц барих нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Мөн говийн бүсэд дэд станцад холбогдох боломжтой гурван байршилд сонирхол илэрхийлэх хүсэлт авч, нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар манай улсын 330 сумаас 134 нь эрчим хүчний дутагдалтай байна. Тиймээс эдгээрээс 22 суманд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Энэ нь өвлийн оргил ачаалал болон эрчим хүчний хомсдолоос гарах бодлогын нэг хэсэг" хэмээн хэллээ.