Энэ хичээлийн жилээс цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэгт тогтмол хамруулна

Энэ хичээлийн жилээс цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэгт тогтмол хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тогтмол зохион байгуулах тогтолцоог 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн товлол, давтамж, заавар, удирдамжийг баталж мөрдүүлэх, суралцагчдыг үзлэгт бүрэн хамруулах ажлыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар хамтран зохион байгуулах юм. Мөн хүүхдийн эрсдэлийн үнэлгээ болон үзлэгийн үр дүнд үндэслэн шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын тусламж үйлчилгээнд шилжүүлэх, онош тодруулах, өвчин эмгэг илэрсэн хүүхдийг хяналтад авч эрүүлжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан удирдамжийн дагуу орон нутагт чанартай, хүртээмжтэй зохион байгуулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолоор үүрэг болголоо.