БАРИМТ: Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байсан Б.Алтанзулын хувь эзэмшдэг компаниудад тусгай хамгаалалтын бүсэд 17 мянган м.кв газар олгожээ

БАРИМТ: Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байсан Б.Алтанзулын хувь эзэмшдэг компаниудад тусгай хамгаалалтын бүсэд 17 мянган м.кв газар олгожээ

Хотын дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ойн сан бүхий газрын хаяанд байрлах 479 ам метр газрыг эзэмшдэг. Харин Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр түүнтэй хаяа залган гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 699 болон 700 ам метр хэмжээтэй хоёр газрыг эзэмшдэг байна. Өмнө нь бид Н.Ууганбаярыг тус албыг хашсан зургаан жилийн хугацаанд БНХАУ-аас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн иргэдийн тоо эрс өссөн талаар мэдээлж байсан. 

Харин энэ удаад Хотын дарга Х.Нямбаатарын онцгойлон дэмжиж буй гэж олон нийтэд яригдсан Туулын хурдны замын төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталсан албан тушаалтны хөрөнгө, газрын мэдээлэл анхаарал татаж байна. Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Үнэлгээ, аудитын газрын дарга Б.Алтанзулын 2025 оны Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлгийн нээлттэй мэдээллээс үзэхэд тэрбээр "Эрэгнэгийн булаг", "Дархан эрдэм", "Ди Жэй Эс", "Эрхэмсэг оршихуй цэцэрлэг" ХХК-иудад хувь эзэмшдэг байна.

Эдгээр компанийн мэдээллийг Open Data-ийн нээлттэй сангаас шалгаж үзэхэд, "Эрхэмсэг оршихуй цэцэрлэг" ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр Зайсангийн ам болон Хүүшийн аманд газар эзэмших эрх авчээ. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар 2 мянган ам метр газрыг 2020 онд ашиглуулах эрх авсан байна.

Мөн "Ди Жэй Эс" ХХК нь 2015 оны долоодугаар сарын 8-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар 15.000 ам метр газрын ашиглах эрх авчээ.

Мэдээж хувь хүн бизнес эрхлэх, компани байгуулж газар эзэмших нь хуулиар олгогдсон эрх. Гэвч төрийн өндөр албан тушаал хашиж буй этгээдийн хувьд ийм эзэмшил нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй эсэх асуудал олон нийтийн анхаарлыг татдаг.

Б.Алтанзулын намтрыг авч үзвэл, тэрбээр 2012-2013 онд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст ажиллаж байсан бөгөөд дараа нь төрийн аудитын байгууллагад шилжин ажилласан. Улмаар Төрийн албаны зөвлөлд ажиллаж, 2020 оноос Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албыг хашсан. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байв.

Улмаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул болон "Тавантолгой түлш" ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Б.Лхагвасүрэн нарыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлэгдэж байсан. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, өвөрлөгч иргэн н.Хасбаатар гэх хүн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, хоёр орны хооронд ачаа тээвэрлэх чиглэлийн үйл ажиллаа явуулдаг “Админерал” хэмээх компанид давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг нээжээ. Товчхондоо, АТГ-т авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан түүнийг улс төрд эргэн авчирсан хүмүүс бол Л.Оюун-эрдэнийн Засгийн газар юм. Ийм нөхцөлд Б.Алтанзулын хувь эзэмшдэг компаниудад олгогдсон газар, газрын ашиглах эрхүүд нь түүний албан тушаал, эрх мэдэл, улс төрийн нөлөөлөлтэй холбоотой байсан эсэх нь хөндлөнгийн байгууллагаар шалгаж, тогтоох шаардлагатай тусдаа асуудал юм. 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө