Баяр, наадмын амралтын өдрүүд маргааш эхэлж байгаатай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Он гарсаар нийт 11 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс Баян-Өлгий аймгийн Алтанцогц, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болон нийслэлд болсон үерүүд хамгийн томд тооцогдож байна. Улсын хэмжээнд үерийн их болон маш их эрсдэлтэй бүсэд 175 мянган өрхийн 642 мянган хүн ам оршин сууж байна. Энэ нь нийт өрхийн 19.4 хувь, нийт хүн амын 20 хувийг эзэлж байна гэсэн мэдээлэл байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 7 дүүргийн 28 хорооны зөвшөөрөлтэй 1 мянга 388, зөвшөөрөлгүй 282 нийт 1 мянга 676 нэгж талбарт 1 мянга 917 айл өрх оршин сууж байна. Нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулан ажиллуулж байна. Мөн далан суваг задрах эрсэлтэй газруудад шороо зэрэг зүйлсийг бэлэн байлгахаар ажиллаж байна” гэлээ.