СУРВАЛЖИЛГА: Соёолжийн нүхэн гарцыг ашиглалтад оруулснаас хойш засвар, шинэчлэл хийгээгүй тул бетон хийцүүд хагарч, эрсдэлтэй нөхцөл байдалтай болжээ

СУРВАЛЖИЛГА: Соёолжийн нүхэн гарцыг ашиглалтад оруулснаас хойш засвар, шинэчлэл хийгээгүй тул бетон хийцүүд хагарч, эрсдэлтэй нөхцөл байдалтай болжээ

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны замыг Саруул хотхон, Баянмонгол хороололтой холбодог “Соёолж”-ийн нүхэн гарцаар өдөрт мянга мянган автомашин, явган зорчигч  зорчидог. Зун болгон  бороо ороход усаар дүүрч, машинтай болон явган зорчигч дайран өнгөрөхөд ихээхэн хүндрэл учирдаг уг нүхэн гарц өнөөдрийн байдлаар бетон хананууд нь харгарч, цуурч хэзээ мөдхөн нурах эрсдэл үүсчээ.

ВИДЕО:

-УС БАЙНГА ТОГТСОНООС ҮҮДЭЖ ЗАМЫН ДООД СУУРЬ СУЛАРЧ, БЕТОН ХАНА ЦУУРЧ ЭХЭЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Жил бүрийн зун Улаанбаатар хотод бороо орох тутамд жолооч нарын зүрхсийг үхүүлдэг гол цэг бол Соёолжийн нүхэн гарц юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэхээс илүүтэй анхнаасаа инженерийн тооцоолол, ус зайлуулах насосын хүчин чадлыг буруу шийдсэнээс үүдэлтэй уг асуудал зун бүр давтагдсаар ирсэн. Багахан хэмжээний усан бороо ороход л нүхэн гарц тэр чигтээ усаар дүүрч, автомашинууд усан дотор гацаж, цахилгаан систем нь доголдон хөдөлгөөн бүрэн зогсдог. Геодези, усны барилга байгууламжийн газраас үе үе тус гарцын ус зайлуулах хөндлөн шүүрийн лаг, шаврыг цэвэрлэж урсгал арчилгаа хийдэг ч энэ нь түр зуурын аргацаалт төдий юм. Иж бүрэн техникийн шинэчлэл хийж, хүчин чадалтай ус зайлуулах систем суурилуулахгүй бол зуны улиралд иргэд эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирсоор байх болно гэдгийг мэргэжилтнүүд ч хэлдэг. Харин ус байнга тогтсоноос үүдэж замын доод суурь суларч, бетон хана цуурч эхэлсэн байж болзошгүй байгаа юм.

Анх 2013 онд нийслэлийн төсвийн 900 сая төгрөгийн хөрөнгөөр “Туулын гүүр далай” ХХК барьж ашиглалтад оруулсан тус гарц өдгөө 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй.

Гэвч ашиглалтад орсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тусгайлан нүхэн гарцын үндсэн бүтэц, инженерийн шийдлийг сайжруулах иж бүрэн засвар шинэчлэлт нэг ч удаа хийгдсэнгүй. Зөвхөн Нарны замаас Нарантуул зах хүртэлх авто замын хучилтыг засахдаа орох, гарах хэсгийн асфальтыг нөхөх, худгийн таг өндөрлөх төдий урсгал ажлаар гал унтрааж ирсний горыг өнөөдөр иргэд, жолооч нар амсаж байна. Дээгүүр нь олон зуун тонн жинтэй ачааны болон зорчигч тээврийн галт тэрэг тасралтгүй зорчдог тус байгууламжийн бетон хананууд өнөөдөр үзүүрээсээ эхлэн цуурч хотын иргэдийн өмнө дахин нэг эрсдэл үүсээд байна.

-НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ҮҮНИЙГ НЭГ Л ӨДӨР НУРЖ УНАТАЛ НЬ ХҮЛЭЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ?-

Мөн уг нүхэн гарцын яг дээгүүр олон улсын болон дотоодын тээврийн гол зангилаа бүхий төмөр зам байрладаг. Өдөр, шөнийг үл хамааран олон зуун тонн жинтэй, урт цуваа бүхий ачааны вагон, галт тэрэгнүүд байнга зорчдог юм.

Галт тэрэг явах тутамд үүсдэг хүчтэй чичиргээ, доргилт нь хэдийнэ чанар нь алдагдаж, хагарал үүссэн бетон хийцүүдийг улам бүр сулруулж, нуралт үүсэх нөхцөлийг цаг минутаар ойртуулж байна.

Иргэн Т.Бат-Эрдэнэ “Зун бороо орохоор л энэ хавиар явахаас үнэхээр айдаг. Ус нь хаашаа ч урсдаггүй, яг л нуур шиг болчихдог. Машины цахилгаан руу ус орж гацах тохиолдол зөндөө гардаг. Яг ус зайлуулах хоолойг нь шийдээд, иж бүрэн янзалж өгөөсэй” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Тус гарцаар Саруул хотхоны чиглэлд байнга зорчдог жолооч нарын төлөөлөл болох иргэн Д.Ганболд “Дээгүүр нь вагон яг явж байх үед доогуур нь машинтайгаа ороход үнэхээр аймаар байдаг. Дээрээс бетон унаад ирэх вий гэсэн айдас төрдөг. Ханануудынх нь цууралт өдрөөс өдөрт томорч байгаа. Маш аюултай нөхцөл байдал үүссэнийг нүдээрээ харж байгаа учраас яаралтай, маш яаралтай л засахгүй бол хэзээ нэг өдөр гамшиг болно” хэмээн ярьсан юм.

Мөн таксины жолооч М.Энхтайван “Би өдөрт 10 гаруй удаа энэ гарцаар гардаг. Орой үдэш явахад гэрэлтүүлэг муутай дээрээс нь хананы эвдрэл нь харагдаад сэтгэл зүйн хувьд маш хэцүү байдаг. Нийслэлийн удирдлагууд үүнийг нэг л өдөр нурж унатал нь хүлээх гэж байгаа юм уу? Хүн дарагдаж амь насаа алдсаны дараа л хөдөлж, бие бие рүүгээ буруугаа чихэх үү? Яаралтай засах хэрэгтэй” хэмээн шаараж байлаа.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө