Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.
Энэ жил хүчит бөхийн нэгийн давааг анх удаа долоодугаар сарын 10-нд зохион байгуулж буйгаараа онцлог болж байна. Тэгвэл бөхийн барилдаанд нэг давсан бөхчүүд өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд мандуулсан Монгол Улсын Төрийн далбааг тойрч, хүндэтгэл үзүүлж байгаа юм.
Монгол Улсын Төрийн ёслолын тухай хуульд заасны дагуу Төрийн есөн хөлт цагаан тугийг жил бүр Үндэсний их баяр наадмын нээлт болох долоодугаар сарын 11, мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр болох арванхоёрдугаар сарын 29-нд төрийн ёслолын дагуу залж цэнгүүлдэг учиртай. Иймээс маргааш буюу долоодугаар сарын 11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Төрийн есөн хөлт цагаан тугийг ёслол төгөлдөр залж, Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол үйлдэх юм.