Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 10-нд “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Тус өдрийн хүрээнд 2009 оноос хойш уламжлан зохион байгуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд, жуулчид үзэж сонирхлоо. Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.