"Монгол бол БНСУ-ын үндэсний эрх ашигт суурилсан прагматик гадаад бодлогын чухал түнш" хэмээн Солонгосын хэвлэлүүд нийтэлжээ

"Монгол бол БНСУ-ын үндэсний эрх ашигт суурилсан прагматик гадаад бодлогын чухал түнш" хэмээн Солонгосын хэвлэлүүд нийтэлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах "Монгол, Солонгосын харилцааны алтан үе"-ийн хамтарсан тунхаглалыг баталсан талаар Солонгосын хэвлэлүүд онцлон мэдээлжээ.

Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ нь 2011 оноос хойш Монгол Улсад төрийн айлчлал хийсэн БНСУ-ын анхны Ерөнхийлөгч бөгөөд И Жэ Мён, У.Хүрэлсүх нарын анхны биечлэн хийсэн дээд хэмжээний уулзалт болсон. Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён "Энэхүү уулзалтын хамгийн том үр дүн бол бид хоёр улсын харилцааны "Алтан үе"-ийг хамтдаа эхлүүлэх нийтлэг зорилгоо дахин баталгаажуулж, хамтарсан тунхаглал баталсан явдал юм. Гурван арван жилийн нөхөрлөл, харилцан итгэлцэлд тулгуурлан энэхүү тунхаглал нь хоёр улсын харилцааны шинэ эрин үеийг нээх чухал эхлэл болно" гэж мэдэгджээ.

“Талууд Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (CEPA)-ийг зарчмын хувьд эцэслэн тохиролцсоны дараа 2030 он гэхэд хоёр улсын худалдааны эргэлтийг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн байна.  БНСУ-ын Олон улсын худалдааны нийгэмлэгийн мэдээллээр хоёр улсын худалдааны эргэлт 2020 онд 291.7 сая ам.доллар байсан бол 2025 онд 693 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилд хоёр дахин өссөн” талаар мөн дурджээ.

Түүнчлэн хоёр улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхийн зэрэгцээ газрын ховор элемент, стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Монголын зэс, молибден, вольфрам, газрын ховор элементийн нөөц нь өндөр технологи болон цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл өсөн нэмэгдэж буй энэ үед БНСУ-ын анхаарлыг ихээхэн татаж байгааг ч зарим хэвлэл онцолсон байна. И Жэ Мён уулзалтын төгсгөлд "Монгол бол БНСУ-ын үндэсний эрх ашигт суурилсан прагматик гадаад бодлогын чухал түнш бөгөөд БНСУ нь Монголын хамгийн найдвартай стратегийн хамтын ажиллагааны түнш юм" хэмээн онцолсныг ч мөн эш татан мэдээлжээ.

Эх сурвалж: The Korea Herald, The Korea Times