СУРВАЛЖИЛГА: Хилийн чанадад үүрэг гүйцэтгээд "Эх нутагтаа ирсэн хүлгүүд"

СУРВАЛЖИЛГА: Хилийн чанадад үүрэг гүйцэтгээд "Эх нутагтаа ирсэн хүлгүүд"

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны хамтын ажиллагааны хүрээнд одоогоос зургаан жилийн өмнө буюу 2020 онд нэгдүгээр сард Монголоос 105 агтыг Вьетнам улсад үүрэг гүйцэтгүүлэхээр илгээж байсан бол тэдний заримыг нь эх оронд нь авчирч, ижил сүрэгт нь нийлүүлэх гэж байгаа талаарх тусгай сурвалжилгыг бид өмнө нь бэлтгэн хүргэж байсан билээ. Өмнөх нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Вьетнам улсад эх орныхоо нэрийн өмнөөс үүргээ амжилттай гүйцэтгэж буй хүлэг морьдын заримыг нь энэ сарын 06 /2026.07.06/ -ны өдөр эх оронд нь авчирлаа.

ВИДЕО: 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар захирамжаар нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Вьетнам улсын талд санал тавьсны дагуу тус улсын Морьт цагдаагийн хороонд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй морьдын заримыг нь Монгол Улсад буцааж илгээх шийдвэрийг гаргасан байгаа юм. 

Тиймээс ч Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайдын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг морьдыг эх оронд нь авчрах ажлыг өндөр түвшинд зохион байгууллаа.

Монгол морьд Вьетнамд үүрэг гүйцэтгэж эхэлснээр манай хоёр орон иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, Монгол Улсын иргэд Вьетнам руу визгүй зорчдог болж, хоёр орны хувийн хэвшлийн харилцаа ч өргөжиж байгаа юм. Энэ бүхэн бол монгол морьдын улс орон, ард түмнийхээ төлөө гүйцэтгэсэн түүхэн үүрэг.

Тиймээс ч морьдыг эх оронд нь хүлээн авах ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал А.Намсаманд, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Хөдөлгөөнт цагдаагийн дэд командлагч, хурандаа До Диен Туй нарын албаны хүмүүс оролцсон юм. 

БНСВУ-д үүргээ амжилттай биелүүлээд эх нутагтаа ирээд буй хөлөг морьд. 2026.07.07-ны өглөө

-ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЭД ЭХ ОРОНДОО ИРЖ БУЙ ХҮЛГҮҮДЭЭ СЭТЭРЛЭН, ИЖИЛ СҮРЭГТ НЬ НИЙЛҮҮЛЖ АДГУУЛААРАЙ-

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Өнөөдөр монгол адуу, баатарлаг хүлгүүдээ эх оронд нь хүлээн авч байгаа баяртай үйл явдал болж байна. Нийгмийг аюулаас хамгаалах үйлсэд зургаан жилийн хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгээд өнөөдөр эх орондоо ирж байгаа энэхүү сайхан үйл явдлын гэрчүүд болж байгаадаа баяртай байна. Үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирж буй хүлгүүдээ сэтэрлэн, ижил сүрэгт нь нийлүүлж адгуулаарай" хэмээн захиж байв.

Монгол морьдыг эх орондоо авчрах ажлыг зохион байгуулсан Ажлын хэсгийнхэн монгол өв уламжлалаа тээж, хүлэг морьдоо морин хуурын эгшиг дор, арц ганга уугиулан, ариун сэтгэлийг тээж, хадагтай сүүгээр хондлойг нь мялаан угтан авч байсныг хараад монголчууд молор эрдэнэ болсон морио төрийнхөө сүлдэндээ залсан нь ч учиртайг санан омогшиж байсныг нуух юун.

Анх 2019 оны долдугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсад Морьт цагдаагийн хороо үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу манай улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дугаар тоот ангиудаас цуглуулан, 2020 оны нэгдүгээр сард монгол адууг Вьетнам улсад тусгай үүргийн нислэгээр хүргэн, хүлээлгэж өгч байсан түүхтэй. 

БНСВУ-д үүргээ амжилттай биелүүлээд эх нутагтаа ирээд буй хөлөг морьд. 2026.07.07-ны өглөө

-ЗАРИМ АДУУНЫ НҮДНЭЭС НУЛИМС ГАРЧ БАЙГАА НЬ ЭХ ОРНОО САНАСАН СЭТГЭЛИЙНХ НЬ ИЛРЭЛ ЮМ БОЛОВ УУ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА-

Энэ ч утгаараа Вьетнамаас ирсэн монгол морьдоо хууль журмын дагуу тодорхой хугацаанд тусгаарлан, ижил сүрэгт нь нийлүүлэн, сэтэрлэж, адгуулах аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал А.Намсаманд "Вьетнамд үүрэг гүйцэтгэж байсан морьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар морь жилийн морь сард энэ өдөр, ийнхүү эх орондоо газардаад байна. Эдгээр морьдыг ШШГЕГ-ын харьяа анги, байгууллагуудаас агт морьдыг үүрэг гүйцэтгүүлэхээр зургаан жилийн өмнө хүргүүлж байсан. Тухайлбал, Багануурын хорих анги, Мааньтын хорих анги, Өвөрхангай аймгийн хорих ангиудаас хүлэг морьдыг цуглуулан явуулж байсан учир ижил сүрэгт нь нийлүүлэн, ямар нэгэн уналга, эдэлгээнд ашиглахгүй сэтэрлэн, эрх тааваар нь адгуулан маллахаар төлөвлөж байна.

Адуу өөрөө их ухаантай амьтан учир эх нутагтаа газардаад агаар амьсгалж байгаа хамрын самсаа нь, газар орчноо хараад таньж байгаа нүдний харц, өнгө, газар үнэрлээд хөрвөөж, заримынх нь бүүр нүднээс нулимс гарч байгаа нь үнэхээр л эх орноо санасан сэтгэлийнх нь илрэл юм болов уу гэж ойлгож байна" хэмээж байлаа. 

БНСВУ-д үүргээ амжилттай биелүүлээд эх нутагтаа ирээд буй хөлөг морьд. 2026.07.07-ны өглөө

-МОНГОЛ МОРЬДЫГ ЭХ ОРОНД НЬ БУЦААН АВЧРАХ САНАЛЫГ ВЬЕТНАМЫН ТАЛ НАЙРСАГ ХҮЛЭЭН АВЧ, ХАМТРАН АЖИЛЛАСАН-

Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Монгол адуугаа онгоцноос бууж ирэхэд л самсай шархирч, хоолой зангирч зогслоо. Үүрэг гүйцэтгээд ирж байгаа адуунуудаа хараад үнэхээр сайхан байлаа. Зохион байгуулалтыг Засгийн газрын түвшинд танилцуулж, хил, гааль, хорио цээр гээд бүхий л холбогдох байгууллагуудтай хамтран ажиллалаа. Монгол Вьетнамын харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаа. Бид уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн. Хууль зүй, дотоод хэргийн яам Вьетнамын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоёрын хооронд санамж бичгийн хүрээнд анх ажил эхэлж байсан бол өнөөдөр энэхүү санамж бичгийн хүрээнд үүрэг гүйцэтгэсэн адуугаа буцаан авчирлаа. Вьетнамын тал ч найрсаг хүлээн авч, хамтран ажилласан. Өнөөдөр ч Вьетнамын төлөөлөгчид ирж, энэхүү арга хэмжээнд оролцож байна" гэсэн юм. 

Түүнчлэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Хөдөлгөөнт цагдаагийн дэд командлагч, хурандаа До Диен Туй "Вьетнам улсад үүрэг гүйцэтгэсэн морьдыг Монгол улс руу буцаан авчрах үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Монгол морьдын дасан зохицох чадвар маш сайн. Сэрүүн бүс нутгаас халуун бүс нутагт очоод маш хурдан дасан зохицсон. Тэд манай улсад үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд Монголдоо ирж байгаад баяртай байна" хэмээлээ. 

Бид өнгөрсөн гуравдугаар сард Вьетнам улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол морьдын байрлаж буй морьт хорооны ангид очиход тус улсад үүрэг гүйцэтгэж байсан монгол морьд үнэхээр таатай орчинд, чанартай өвс тэжээл идэж, Вьетнам цэргүүд тэднийг анд нөхөд шигээ хайрлаж, хамтран үүрэг гүйцэтгэж байсан ч монгол морьдын нүдний харц, чихний байрлал нь цаана л нэг эх орон, ижил сүргээ санаж, бэтгэрсэн нь нүднээ ил байсан. Харин тэдгээр морьд эх орондоо ирээд нүд, чих нь хэрхэн сэргэж, толгой өргөхгүй өвсөө идэж, усаа ууж, хүний нутгийн алжаалаа тайлж буй мэт газар хөрвөөн шилгээн өөрөөсөө гаргаж болох бүхий л шинжийг гаргаж байхыг хараад өөрийн эрхгүй монгол морьдоороо бахархах, хайрлах, омогшил төрж байсныг энд дахин тодотгоё. 

БНСВУ-д үүргээ амжилттай биелүүлээд эх нутагтаа ирээд буй хөлөг морьд. 2026.07.07-ны өглөө

БНСВУ-д үүргээ амжилттай биелүүлээд эх нутагтаа ирээд буй хөлөг морьд. 2026.07.07-ны өглөө