Тайландын шөнийн клубт гал гарч, 63 хүн шархдан, 27 хүн амиа алджээ

Тайландын шөнийн клубт гал гарч, 63 хүн шархдан, 27 хүн амиа алджээ

Тайландын нийслэл Бангкок хотын хойд хэсэгт байрлах Na Ladprao нэртэйшөнийн клубт өнөөдөр /2026.07.13/ үүрээр гал гарч, хамгийн багадаа 27 хүн амиа алдаж, 63 хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар албаныхан мэдээллээ. Шархадсан хүмүүсийн 22-ынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Галын дуудлага шөнө дунд ирсний дараа гал сөнөөгчид шуурхай ажиллаж, түймрийг ойролцоогоор 30 минутын дотор бүрэн унтраасан байна. Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул хэргийн газарт ажиллах үеэрээ галын шалтгааныг мөрдөн шалгаж байгааг мэдэгдэв. Урьдчилсан мэдээллээр, тайзан дээр тоглож байсан хөгжимчин цахилгааны самбарын орчмоос утаа гарсны дараа тог тасарч, удалгүй дэлбэрэлт болсон гэж ярьжээ. Үүний дараа өтгөн утаа маш богино хугацаанд бүх байранд тархсан байна.

Ерөнхий сайдын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн ихэнхийг пабын арын хэсгийн ариун цэврийн өрөөнөөс олжээ. Бангкок хотын захирагч Чадчарт Ситтипунт хохирогчдын зарим нь бичиг баримтгүй байсан эсвэл ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн тул тэдний хэн болохыг тогтоох ажил үргэлжилж байгааг хэлсэн байна. Мөн сураггүй болсон ойр дотнын хүмүүсээ хайж буй иргэдэд зориулсан бүртгэлийн цэг байгуулжээ. Ойролцоо тоглолт хийж байсан дуучин Суканья Вонгвонгвайгийн хэлснээр, түүний хамтлагийн зарим гишүүн уг клубт тоглож байсан бөгөөд нэг нь амиа алдаж, гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн бол нэг хүний сураг одоогоор гараагүй байна.

 




Өнөөдөр хулгана өдөр

12 цагийн өмнө