Хүй долоон худагт төөрсөн 25 хүүхдийг ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ

Хүй долоон худагт төөрсөн 25 хүүхдийг ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ

Үндэсний их баяр наадмын хүрээнд Хүй долоон худагт Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын нийт 850 алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байна.

Наадмын өдрүүдэд алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд хурдан морины уралдааны үеэр мориноос унаж бэртсэн 12 хүүхдийг цагдаагийн алба хаагчид талбайгаас шуурхай олж, эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүргэн хүлээлгэн өгчээ. Мөн Цагдаагийн байгууллага Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын байгууллагатай хамтран бага насны хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд хүүхдүүдийн бугуйнд эцэг, эхийнх нь холбоо барих утасны дугаарыг тэмдэглэсэн 744 бугуйвч зүүж, наадамчин олонд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байх талаар 214 ширхэг сэрэмжлүүлэг, зөвлөмж тараасан байна. Хамтарсан багийнхан наадмын талбайд эцэг, эхээсээ төөрсөн 25 хүүхдийг шуурхай эрэн сурвалжилж тогтоон, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.