Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны долоодугаар сарын 10-13-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон салбар эмнэлгүүдийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 2006 хүн үйлчлүүлжээ.
Үүнээс 1251 нь насанд хүрэгчид, 755 нь 0-18 насны хүүхэд байсан байна. Наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 370 хүн яаралтай тусламж авсан бөгөөд үүнээс 230 нь насанд хүрэгчид, 140 нь хүүхэд байжээ.
Мөн 74 хүн мориноос унаж гэмтсэн байна. Үүний 13 нь 0-9 насны хүүхэд, 21 нь 10-18 насны хүүхэд байсан бол уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Энэ хугацаанд ГССҮТ болон салбар эмнэлгүүдэд нийт 84 хүнд яаралтай, 67 хүнд төлөвлөгөөт мэс засал хийсэн байна.
Харин наадмын дараах эхний ажлын өдөр буюу долдугаар сарын 14-нд ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, амбулаториор 184 хүнд үзлэг, 150 хүнд боолт, эмчилгээ хийжээ. Мөн дөрвөн яаралтай, 67 төлөвлөгөөт мэс засал хийсэн байна.
Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх тасгуудад нийт 565 өвчтөн байснаас 20 хүн шинээр хэвтэж, 167 хүн эмнэлгээс гарсан бөгөөд одоогоор 417 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин Эрчимт эмчилгээний тасагт 22 өвчтөн байгаагаас 17 нь насанд хүрэгчид, тав нь хүүхэд байгаа аж.